Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Эрдэнэс Тавантолгой”-н мэргэжлийн удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно
 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх, мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цогц реформын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг ашиглан оновчтой шийдвэр гаргах, компанийн удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 18-ны хуралдаанаарүүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэх арга хэмжээг олон улсын туршлагад үндэслэн хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад даалгалаа.
-Тус компанийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар мэргэжлийн удирдлагын багаар удирдуулах чиглэлээр холбогдох ажлыг зохион байгуулж, үр дүнг танилцуулах,
-Мэргэжлийн удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулахад олон улсын байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах,
-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай ”Улсын Их Хурлын 2024 оны тогтоолд зааснаар “иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх”-ээр даалгасныг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдэд санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг,  боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулан үндэсний хэмжээнд зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тус тогтоолоор,
-“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах,
-Мөн тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байгаа хил зааг нь тогтоогдоогүй ордуудын талбайн хил заагийг тогтоох саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгав.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд стратегийн орд газрыг эргэлтэд оруулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх, тэдэнд тэгш, шударга хүртээх эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй үүсээд байна. Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
 
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Улсын зээлжих зэрэглэлийн талаарх ерөнхий танилцуулга болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+/Тогтвортой” болгон  нэмэгдүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө гаргах, холбогдох ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал, геополитикийн мөргөлдөөний улмаас үүссэн олон хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 70 гаруй орны зээлжих зэрэглэл богино хугацаанд буурч, эргээд 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдсэн.
Хүнд сорилттой он жилүүдэд Засгийн газрын хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд зээлжих зэрэглэл бууруулахгүйгээр “В” зэрэглэлд тогтвортой хадгалж ирсэн, улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+/Тогтвортой” түвшинд хүргэж чадлаа. 
 
Товч мэдээ
·      “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
·      Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ахална.
·      Хүсэлтийг нь үндэслэн Л.Бямбасүрэнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын, С.Магнайсүрэнг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь тус тус чөлөөллөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)