Өдийд ингэхээр өвөл яана даа...
Ажил, хичээл, ид хөдөлгөөний үе эхлэлээ. Намрын ажлууд эхэллээ. Нэгэн сайдын номлосон шиг өвөл болох нь тодорхой. Түүн дээр нэмэгдээд утаа, түжрэл гээд нийслэлчүүдийн уур, цухлыг бардаг асуудлууд эргэн ирэх нь.
Сүүлийн үед зам засварын ажлууд хийгдэж байгаатай холбоотойгоор түгжрэл гаарлаа. Нэг газраасаа огт хөдлөхгүй 2-3 цаг гацаж байх жишээний. Ер нь л зам засварын ажлаас үл шалтгаалан түгжрэлийн түвшин өндөр байна. Нэг гүүр, нэг гудам, замыг хаахад л нийслэлчүүд тэг зогсолт хийхдээ тулж байх. Энэ бол эмгэнэлт дүр зураг.
“Одоо ингэж байгаа юм чинь өвөл яана даа” гэж иргэд халаглах. Аргагүй шүү дээ. Өнгөрсөн өвөл бид “үйлээ үзсэн”. Нийтийн тээвэрт багтахгүй, унаанд сууя гэвч унаа нь олдохгүй, тэгээд хүйтнийг хэлэх үү... Иргэдээ ийм зовлон, гачланд шаналгаж байна гэдэг өргөн агуулгаараа нийслэлийн удирдлагуудын арчаагүйнх. Хотын дарга, хотын даргын орлогчоосоо авхуулаад бүгд поп. Поп нь дэндсэн “нөхөд” л зураглаач дагуулаад гүйж харагдах. Ажил хийхээсээ зураг авхуулах нь нэт. Хотын даргын орлогч Л.Хосбаяр гээд бүсгүйг л хар. Нэвт полпроостой. Түүний өмнө О.Номинчимэг гэж хатагтай байгаа УИХ руу дэвшсэн. Ер нь нийслэлийн удирдлагууд хотыг удирдах, цэгцлэхэд бус илүү эрх мэдэл хүртэхийн төлөөнөө л сэтгэл талбидаг болж, шог шүү.
Жилийн жилд түгжрэлийг бууруулахад асар их мөнгө, төсөв зарцуулдаг. Гэвч үр дүн алга. Бүр ч харин илүү түгжрүүлээд, илүү түгжрүүлэх алхмуудыг хийгээд байдаг шиг. Түгжрэлийн асуудал зарим улстөрчдийн мөнгө олох зэвсэг ч болдог юм шиг. Хэзээ бид түгжрэлийг ялах вэ. Магад хэзээ ч биш байх.
Зам нь таг, нийтийн тээвэр нь нэг газраасаа хөдлөхгүй паг, хов хоосон. Иргэд нь ажлаасаа бага ч гэсэн хоцрохын хүслэнгээр “зээрдээрээ жирийгээстэй”. Уур уцаарт баригдаастай. Ийм л дүр зураг нийслэлд ноёлж байна. Ийм байхад аз жаргалтай хот гэж “алиалахын” үндэс ч огтоос алга даа...
Д.Сүрэн