Найрамдалт хоёр орны хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа өргөжиж байна
Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич А.Бакей Монгол, Хятадын найрамдал-2024″ -ийн хүрээнд ийн өгүүлжээ.
Энэ жил хөрш хоёр орны найрамдлын 75 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамтай хамтран “Монгол, Хятадын найрамдлын долоо хоног – 2024” арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, энэ өдрүүдэд янз бүрийн ажил зохион байгуулж байгаа юм. Эрдэмтэн судлаачийн хувьд, мөн найрамдлын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд миний бие хоёр орны хөгжлийн чухал хүчин зүйл болох шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны талаар манай эдийн засгийн тулгуур салбар-хөдөө аж ахуйн жишээн дээр ийн өгуулэх завшаан тохиосонд баяртай байна.
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2011 оноос байгуулан хамтран ажиллаж ирсэн байна. Монгол-Хятадын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа нь олон талт бөгөөд сүүлийн жилүүдэд илүү өргөжиж байна. Энэ нь хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, шинэ технологи, инновац нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, үзэсгэлэн гаргах, эрдэмтэн судлаач солилцох зэрэг хэлбэрээр хэрэгждэг. Хоёр талын шинжлэх ухааны яамдын болон Монгол Улсын Шинжлэх ухааны сан ба БНХАУ-ын Үндэсний байгалийн шинжлэх ухааны сангийн дэмжлэгтэйгээр хоёр тал олон жилийн турш хамтарсан судалгааны төсөл хэрэгжжүлж ирсэн. Хятадын талын санхүүжилт нь нэг төсөлд 200.0 сая юанийн дотор байдаг бол Монголын талынх 100.0 сая төгрөг хүртэл байдаг.
Мөн түүнчлэн Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа. Энэ хүрээнд судалгааны төслүүд, мэргэжилтэн солилцоо, сургалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн байна. Ялангуяа, Монгол Улс болон Өвөр Монголын өөртөө засах оронтой энэ чиглэлийн хамтын ажиллагаа улам идэвхтэй, үр дүнтэй байна гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр тал хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн салбарт дараах чиглэлээр холбогдох төслүүдийг хамтран хэрэгжүүлсэн байна:
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд орчин үеийн ухаалаг технологи нэвтрүүлэх чиглэлээр хоёр улсын холбогдох их сургууль, эрдэм шинжилгээний байгуулагууд хэд хэдэн судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Үүнд хиймэл дагуулын болон мэдрэгч төхөөрөмжийн мэдээллийн тусламжтайгаар газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл явцыг нарийвчлан удирдах арга зүйн үндэслэлийг тогтоосон байна.
- ӨМӨЗО-ны эрдэмтэдтэй хамтран нарийвчилсан технологи бүхий тариаланг хөгжүүлэх, мал аж ахуйг орчин үеийн аргаар эрхлэн хөтлөх, малын эм бэлдмэл бүтээх, сүүн бүтээгдэхүүний уламжлалт боловсрлуултын аргыг орчин үеийн технологитой хослон түвшнийг ахиулах зэрэг хэд хэдэн төслийг үзр дүнтэй хэрэгжүүлжээ.
- Хоёр улсын бэлчээрийн менежментийг сайжруулах, хортон шавьжтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлж, хил дамнасан бэлчээрийн хортон шавьжийн аюулыг хамтдаа даван туулах, ногоон хамгаалалтын технологи нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна.
- Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын нөөцийн давуу талд тулгуурлан ирээдүйд стандарчилсан технологийн туршилт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний судалгаа, боловсруулалт, зах зээлийн систем зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, сурталчилгааны чиглэлээр илүү анхаарч хамтран ажиллаж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хятад улсын зүгээс модны суулгац нийлүүлэх, техникийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр манай орны экологийн бүтээн байгуулалтад зохих туслалцаа үзүүлж ирсэн байна. Хятадын талаас Монгол Улсад модны суулгац экспортолж, үржүүлгийн технологийн үйлчилгээ үзүүлж байна. Жишээлбэл, Өвөр Монголын Хянган аймаг Монгол Улсад нарс, гацуур зэрэг суулгацыг Улаанбаатар хот, Дорнод аймгийн хаврын ойжуулалт, ногоон байгууламжид зориулан нийлүүлжээ. Долоннуурын Чанжин хөдөө аж ахуйн хөгжлийн компани Монгол Улсад өндөр чанарын суулгац, цэцэг экспортолж, Монгол Улсад нийт хоёр сая мод тарьжээ. Эдгээр хамтын ажиллагаа нь Монгол Улсын цөлжилтийг бууруулахад тус дөхөм болж байна.
- 2014 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хятад, Монгол хоёр улс “Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа” хоёрдугаар үе шатны төслийн гурван талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний дагуу Хятад улс мал аж ахуй, тэжээл, цэцэрлэгжүүлэлт, шувууны аж ахуй, зөгийн аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллаж ирсэн юм.
Хятад, Монгол хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах явцад дараах хүндрэл, сорилтууд тулгарч байгаа хэдий ч тэдгээрийг амжиллттай даван туулж, хамтын ажиллаггаа хөгжүүлж байна.
1. Дэд бүтцийн хөгжлийн зөрүү. Манай орны тариалангийн усжуулалтын систем, хөдөөгийн зам харилцаа, агуулахын аж ахуй зэрэг хөдөө аж ахуйн дэд бүтцийн байгууламж харьцангуй сул хөгжсөн. Энэ нь тодорхой хэмжээгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлтийн үр ашгийг хязгаарлаж байна.
2. Техник, технологийн түвшний ялгаа. Хөр зэргэлдээ хоёр улсын хөдөө аж ахуйн техник, технологийн түвшин ялгаатай. Монгол Улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ялангуяа бэлчээрийн мал аж ахуйн нь уламжлалт арга ажиллагаанд тулгуурлан хөгжиж ирсэн. Шинжлэх ухаан технологийн багтаамж доогуур байна. Иймд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник, технологийн чадавхыг сайжруулах шаардлагатай байна.
3. Цаг агаар, байгаль орчны нөхцөл. Монгол Улс эрс тэс хатуу ширүүн цаг агаарын нөхцөлтэй бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд аюул эрсдэл учруулж, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны төслүүдийн үр дүнд тодорхойгүй байдал үүсгэх магадлал өндөр.
4. Санхүүжилт, хөрөнгө оруулалтын дутагдал. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны төслүүд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг ч санхүүжилтийн хомсдол, хөрөнгө оруулалтын дутагдал үүсч болзошгүй, энэ нь хамтын ажиллагааны төслүүдийн явц, цар хүрээг өргөжүүлэхэд нөлөөлдөг.
5. Бодлого, дүрэм журмын ялгаа. Хоёр тал хөдөө аж ахуйн болон худалдааны салбарт баримталж буй бодлого, хууль тогтоомж, стандарт нь зарим талаар ялгаатай, энэ нь хамтын ажиллагаанд зарим саад бэрхшээл үүсгэж болзошгүй.
6. Зах зээлийн эрэлт, хэрэглээний зан төлөв. Монгол Улсын зах зээлийн хэмжээ харьцангуй жижиг, хэрэглээний зан төлөв Хятадаас ялгаатай, энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт, зах зээлийг өргөжүүлэхэд нөлөөлж болзошгүй.
Дээр дурдсан зарим хүндрэл, сорилт байгаа хэдий ч Монгол, Хятад хоёр улс харилцаагаа бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаагаа илүү өргөн цар хүрээтэй хөгжүүлэх боломж байна.
Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг цаашид дараах чиглэлээр гүнзгийрэн хөгжүүлэх боломжтой.
- Монгол Улс “Бүс ба зам” хөгжлийн стратеги, Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд газар тариалан, мал аж ахуйн салбарын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны шинэ платформыг бий болгож ажиллах
- Байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн ухаалаг технологийн судалгаа, туршилт, инновацыг хамтран нэвтрүүлэх
- Дээр дурдсан чиглэлээр харилцан арга туршлагаа солилцох, хөрөнгө оруулалт, худалдаа, технологийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх
- БНХАУ-тай хамтарсан Технологийн инкубатор, Технологи дамжуулах төв болон хамтарсан лабораториудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, улмаар Монгол Улсад шинжлэх ухааны паркийг байгуулах
- Хоёр талын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд, холбогдох бизнесийн холбоод, компаниуд зэрэг талуудын төлөөллийг оролцуулж, хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бэхжүүлэх зэрэг болно.
Эцэст нь, хоёр улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа улам өргөжиж, хоёр орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухаанчаар эрхлэн хөгжүүлэхэд жинтэй бөгөөд бодитой хувь нэмэр оруулах болтугай гэж хүсэн ерөөе.