Тэдний амжилтад ялгавар үгүй
Паралимпын тамирчид маань бахдам амжилт үзүүлж, дэлхийд Монголынхоо нэрийг дархаллаа. Асар их хөлс хүч тэвчээр хатуужлыг харуулж, хэмжээлшгүй үнэ цэнээр энэхүү амжилтыг бүтээв. Монголынхоо ард түмэнд сэтгэлийн цэнгэл баяр жаргалыг хангалттай эдлүүллээ.
Гэсэн хэдий ч ажих нь ээ зарим нэг дутагдалтай тал ажиглагдаж байна. Ялгавартай тал. Манайхан зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд хандсан шигээ Паралимпын тамирчдадаа "сэтгэл гаргахгүй" байх шиг. "ПараОлимп шүү дээ" гээд басамжлах тал ч харагдаад байх шиг.
Үнэн хэрэгтээ дээр дурдсанчлан Паралимпын тамирчид маань асар их бэрхшээлийг даван туулж байж өнөөдрийн амжилтыг бүтээж байгаа. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй үгүй нь хамаагүй тамирчдын хөдөлмөрт ялгавар үгүй. Тийм ч учраас бидэнд ялгаварлан хандах, ялгаварлан үзэх эрх ч байхгүй.
Одоо бид бүгдэд нь эрх тэгш хандах хэрэгтэй. Өгдөгөө өгөх хэрэгтэй. Өнөөх том том машин, том том байруудаараа хүртэл харамгүй шагнах хэрэгтэй. Хөдөлмөрлөсөн нэгэн нь хүртэхээ хүртэг, тийм жамтай юм чинь. Энэ чинээгээр спортын амжилтыг, тамирчдын амжилтыг бодитоор үнэлдэг жишиг цаашид улам гүн тогтоно. Гол нь энэ сайхан тамирчдын урмыг л битгий хугалаасай. Битгий хугараасай...