Төрийн бодлогыг шүүмжилж, эсэргүүцсэн иргэдийн жагсаалд захиалга байгаагүй
Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардаж Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш жагссан иргэдийн жагсаалыг улс төрийн зорилгоор жагссан, мөнгө авч цугласан, нүүрсчидтэй хийх тэмцлийг саармагжуулах гэсэн, хэсэг бүлэг нөхдүүдээс Засгийн газрыг огцруулахаар турхирсан гэх зэргээр элдэв нэр хоч өгөхийг оролдсон, өгсөн байдлаар харах, дүгнэх гэсэн хандлага гарч байна.
Яг үнэндээ МАН-ын засагласан 6 жилд өдрөөс өдөрт иргэдийн амьдрал доройтож, төгрөгийн худалдан авах чадвар буурч, имфляцийн хувь нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, цалин заваг нь хаана ч хүрэлцэхгүй байхад байгалийн баялагаас эрх мэдэлтнүүд хэдэн зуун тэрбум, их наядаар нь хулгай хийж байгаад, түүнийг нь зарлана, илчилнэ гэчихээд хагас жил дуугүй байгаа Ерөнхий сайдад, улс төрийн тохироо наймаалцалцаар ажлаа явуулж байгаа МАН-д дургүйцсэн, төрийн буруу бодлогод уурлаж бухимдсан иргэд, залуучууд үзэл бодлоо илэрхийлэн, үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлэхээр талбай дээр гарч ирсэн.
Иргэдийн жагсаал цуглааныг хэн ч, хаанаас ч захиалаагүй. Жагсагчид дарга нарт дабл стандарт үйлчилж байгааг, улс төрчид ажлаа хариуцлагатай хийж чадаагүйн улмаас өдрөөс өдөрт иргэдийн ажил амьдрал доройтож, залуус гадаадад дүрвэхээс өөр сонголтгүй байгаад, ажил хийгээд авч байгаа нь цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаад уурлан бухимдаж, хэний ч оролцоогүйгээр талбай дээр ирсэн гэдгийг мартах ёсгүй.
Тиймдээ ч тэд, магадгүй нэгдсэн удирдлага зохион байгуулалтгүй байсан байх. Үүнийг ингэж мушгих нь эрх баригчид арьсаа хамгаалж байгаагаас өөрцгүй хэрэг гэж дүгнэхэд хүрч байна.
А.Галт
Sanuulga.mn