Шинэ, залуу улстөрчид хохирч, "аваргууд азаргалалаа"
УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн хоног үлдлээ. Бид чухал сонголтын өмнө ирээд байна. Хулгайч, луйварчин, авлигачдаас салж, шинэ залуу, мэдлэгтэй боловсон хүчнээр төрөө удирдуулах, энэ улс оронд өөрчлөлтийн галыг бадраах нь ард түмний хүсэл болоод байна. Гэвч түмэн олны тэр хүсэл биелэх эсэх нь эргэлзээтэй л...
Учир нь энэ удаагийн сонгууль хууччуулд ээлтэй, харин эсрэгээрээ залуу улстөрчдөд халгаатай сонгууль болж байна. Сонгуулийн сурталчилгааны үйл явцаас бид тийн дүгнэхэд хүрлээ. Том тойрогт том нэрсүүд, олны танил дүрүүд л торойх дүр зураг ажиглагдаж байна. Залууст өөрийгөө таниулах, бодлогоо бусдад хүргэх боломж, хугацаа тун хомс байлаа.
Чухал сонголтын өмнө олон нийт өнөөх л төрд олон жил болсон хууччуулаа л мэдээд, тэдэндээ тархиа угаалгаад байгаагаас биш шинэ залуу улстөрчдийг, хүсээд байгаа шигээ мэдлэгтэй залуусаа огт олж нүдэлсэнгүй. Ямар шинэ залуу ямар улстөрийн хүчнээс нэр дэвшиж, ямар мөрийн хөтөлбөртэйгөөр сунгаанд орж байгааг ч анзаарах завтал гарсангүй, гаргасангүй.
10 гаруйхан хоногт мөнгөтэй, эрх мэдэлтэй хэд нь л бааварлахыг бид харлаа. Тэгш боломж хүн бүрт, ялангуяа шинэ залуу улстөрчдөд байсангүй.
Уг нь сонгогчид бид хэрсүү баймаар байгаа юм. Өөрсдийн ирээдүйн төлөө өнөөдөр чухал сонголт хийх гэж байгаа учраас эрэл хайгуул хийж, судалж, дүгнэж, харьцуулж, мэргэн сонголт хиймээр байгаа юм. Тэгэхгүй л бол үр дүнгүй. Өнөөх л "аваргуудаа" толгой дээрээ залахаас хэтрэхгүй. Хатуухан хэлэхэд МАН, АН гээд улстөрийн том хүчнүүдэд залуу улстөрчид бий ч тэд "ах, эгч" нарынхаа л гар хөл төдий. Харин жижиг нам, эвслүүдэд жинхэнэ "алт шиг" нөхөд олон л харагдах. Тэднийг ард түмэн мэдмээр, танимаар, хармаар бүр цаашлаад төрд гаргамаар байна. Ингэж л бид жинхэнэ өөрчлөлтийг түүчээлнэ, төрд шинэ салхи оруулж чадна. Тиймгүй өнөөх л МАН, АН-аа, тэдний залгамж халааг бултаар нь төрд залаад л байвал өнөөгийн нөхцөл байдал дээрдэхгүй, хэлбэр төдий өөрчилсөн утга л болох биз.
Д.Сүрэн