Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.03.24

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжийн асуудалд анхаарах нь чухал

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжийн асуудалд анхаарах нь чухал

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжийн тухай асуудал сүүлийн үед эрчимтэй яригдах болсон. Тэгш хүртээмж гэх агуулгад олон зүйл багтана. Гэхдээ тэр дундаас хамгийн чухал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэйгээр дэд бүтцийн асуудлыг шийдэх явдал юм.

Манай улсын барилга байгууламж, зам талбайн тохижуулалт хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй, болхи байдлаар хийгдсэн байдаг. 2019 оноос өмнө баригдсан барилгууд ерөнхийдөө нэгэн хэвийн. Гадна нь л ганц нэг налуу зам үзэгддэг ч орцонд нь ормогц шал өөр дүр зураг харагдана.  Лифтгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өгсөж, уруудах ямарч боломж байхгүй.

Энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулагдана. Гэвч хаа хаанаа нэг л зориглочихвол ахиц гаргах бүрэн боломжтой юм. Ер нь бид л төвөгшөөж, хойш суугаад байгаагаас биш олон улсад иймэрхүү асуудлыг хялбархан шийддэг.

Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ая тухтай амьдруулах ээлтэй орчинг бүрдүүлэхийн төлөө шат дараатай олон ажлыг өрнүүлэхээр зорьж байгаа аж. Үүнийхээ эхлэл болгож, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 24 барилгыг хүртээмжтэй байдлаар тохижуулах шаардлагыг ирэх ондоо багтаан шийдвэрлэх гэнэ. Улмаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барих юм байна.

Төрийн байгууллагууд нь ийн үлгэрлэж, хичээвэл хувийн хэвшлийнхэн нь ч зүгээр хараад суухгүй нь мэдээж. Алтны дэргэдэх гууль шарладгийн жаягаар аль болох л сайн сайхан зүйлсийг хийж, төрийн үйл ажиллагаанд дэм болоход анхаарах болов уу...

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох нийгмийн хандлага өөрчлөгдсөн нь ажиглагдаж байгаа. Залуусын дуу хоолой ч “чангарсан”.

Шинээр баригдаж буй барилга, байгууламж,  бүтээн байгуулалтын ажлуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ “энэрэхийг” хичээсэн хандлага илт “сэнхийдэг” болсон. Энэ бол маш том дэвшил юм.

Ер нь бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлнэ гэхээр л зөвхөн налуу замын тухай боддог хоцрогдсон сэтгэлгээгээ орхих хэрэгтэй. Эндээс олон нийтийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой мэдлэг мэдээлэл дутмаг байдаг нь харагдаж байгаа юм. Ядаж л бүгдээрээ урьдаар тэр налуу замынх нь стандарт ямар байдгийг мэдчихээд “ээлтэй орчин” гэж “ханхалзвал” зохистой ч юм шиг.

Тэгэхээр төр нь манлайлж, хувийн хэвшил нь дэмжиж, шат шатандаа л идэвхийлье. Ард олонд хэрэгцээт мэдээ мэдээллийг ч хүргэе. Нийгмийн ухамсар нэгэн чигт хандсан цагт аливаа ажлыг үр дүнд хүргэх амархан.

Д.Сүрэн

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)