Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.06.20

Монгол Улс "Парис-2024" олимпод ганц ч эрэгтэй боксчингүй оролцохоор боллоо

Монгол Улс "Парис-2024" олимпод ганц ч эрэгтэй боксчингүй оролцохоор боллоо

Боксын спортын тамирчдад "Парис-2024" олимпод оролцох эрх олгох хамгийн сүүлийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тайландын нийслэл Бангкок хотноо тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болсон тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор дараах 12 тамирчин өрсөлдлөө.

Эрэгтэйчүүдийн төрөлд:

51 кг-д Г.Ган-Эрдэнэ,

57 кг-д Х.Энх-Амар,

63.5 кг-д Э.Цэндбаатар,

71 кг-д О.Бямба-Эрдэнэ,

80 кг-д Г.Далай,

92 кг-д Н.Отгонболд,

+92 Х.Бекнур.

Эмэгтэйчүүдийн төрөлд:

54 кг-д М.Энхжаргал,

57 кг-д Т.Болортуул,

60 кг-д М.Намуун,

66 кг-д Г.Бадмаараг,

75 кг-д Э.Эрдэнэтуяа.

Дээрх 12 тамирчнаас эмэгтэйчүүдийн 54 кг-д өрсөлдсөн М.Энхжаргалаас бусад нь олимпын эрх авч чадсангүй. Ингэснээр манай улс олимпод анх удаа ганц ч эрэгтэй боксчингүй оролцохоор болж байна. М.Энхжаргал энэ удаагийн тэмцээнээс олимпын эрх авснаас гадна О.Есүгэн “Ханжуо-2023” 19 дэх удаагийн Азийн наадмын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медаль хүртэж олимпын эрхээ авсан юм.

Монголын боксын баг тамирчид 1972 оны Мюнхений олимпын наадамд хамгийн анх удаа оролцож долоон тамирчинаа илгээж байсан түүхтэй. Түүнээс хойш олимпод алсалгүй, хамгийн багадаа нэг боксчин оролцсоор иржээ. Харин эмэгтэй боксчдыг 2012 оны олимпоос оролцуулж эхэлсэн юм. 

Монгол Улсын олимпоос медаль хүртдэг топ-4 төрлийн нэг гэгддэг боксын спорт ийнхүү уналтад орж байгаа бололтой. Өнгөрсөн гуравдугаар сард Итали улсад болсон олимпын эрх олгох тэмцээнд Монголын боксын холбоо тамирчдынхаа мэдүүлгийг хугацаанаас нь хоцроож өгсний улмаас тэмцээнд оролцож чадаагүй юм.

Манай улсын олимпоос хүртсэн 30 медалийн долоог нь дараах эрэгтэй боксчид хүртсэн түүхтэй.

1988 оны Сөүлийн олимпоос Н.Энхбат хүрэл,

1992 оны Барселонын олимпоос Н.Баярсайхан хүрэл,

2008 оны Бээжингийн олимпоос Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө,

2012 оны Лондоны олимпоос Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл,

2016 оны Риогийн олимпоос Д.Отгондалай хүрэл.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)