О.Цогтгэрэл: Төрийн өмчит компаниудын өрийг улсын өрөнд оруулж тооцохгүй явж байгаа
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл төрийн өмчит компаниуд улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний өртэй байгаа талаар IToim.mn сайтад ярилцлага өгчээ.
Тэрбээр “Ардчилсан намын бүлэг болон гишүүдээс энэ асуудлыг байнга ярьж байсан. Тэр тусмаа улсын төсөв дээр. Манай улсын төсөв ДНБ-ийхээ 40 хувьтай тэнцдэг болсон. Дээрээс нь улсын төсөвтэйгөө тэнцүү өртэй төрийн өмчит компаниудтай. Зөвхөн төрийн өмчит компаниудын нийт борлуулалт гэхэд ДНБ-тэй тэнцүү шахуу худалдан авалт хийдэг.
Борлуулалт гэдэг чинь худалдан авалт гэсэн үг. Төрийн өмч гэдэг бол үндсэндээ эзэнгүй өмч, даргын өмч болж хувирдаг. Тэгэхээр үүнийг цэгцлэхийн тулд бодлогын хувьд том шинэчлэл хийж, ядаж төрийн өмчит компани шинээр байгуулахгүй байх ёстой.
Төрийн өмчийг хувьчлах ёстой. Асуудал хүнд байгаа ч өнгөрсөн хугацаанд нэг ч төрийн өмчийн компанийг хувьчлаагүй. Төрийн өмчит компани байгуулаад, төр улам томроод байдаг. Тэгээд авлигатай тэмцэнэ гэж яриад байгаа нь тоглоом хийж байгаатай адил. Төрийн өмч бага байж л авлига буурна.
Төрийн өмчит компаниудын өрийг улсын өрөнд оруулж тооцохгүй явж байгаа. Засгийн газрын өрөнд тооцохгүй явж байгаа гэсэн үг. Газрын тосон дээр дахиад л төрийн өмчит компани байгуулахаар оруулж ирж байна. ОХУ-тай хамтран компани байгуулаад, тэр компани нь нефтийн салбарт давуу эрхтэй ажиллана гэнэ. Үүний цаана дахиад л дараагийн Хөгжлийн банк, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт бий болно.
2016 онд Монгол Улсын төсвийн зардал ДНБ-ий 26 орчим хувьтай тэнцэж байсан. Сүүлийн зургаан жил 40 хувь хүрлээ. Нэг үгээр хэлбэл, зургаан жилийн хугацаанд 10 гаруй хувиар нэмэгдлээ. Энэ хэрээр л төсөв, төрийн өмчит компаниуд томроод байна. Нөгөө талдаа хувийн хэвшил нь жижгэрээд байна гэсэн үг шүү дээ. Үүний цаана дахиад л авлигын асуудал байгаа. Нэг талдаа төрийг томруулчихаад нөгөө талдаа авлига бууруулна гэж байгаа нь ард түмнээр тоглож байгаа л хэрэг” хэмээлээ.