Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Эрх мэдэл, эд хөрөнгийн шуналгүй ахмадуудаа дэмжиж, төрд илгээх ёстой

Эрх мэдэл, эд хөрөнгийн  шуналгүй ахмадуудаа дэмжиж, төрд илгээх ёстой

Аливаа улс орны хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг ч тухайн  нийгмийн бүлгүүдийн харилцан уялдаа, ойлголцол, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.

Хөгжингүй улс орнуудын хөгжлийн түүхийг харахад ахмад, идэр, залуу гурван үеийн хэлхээс буюу ахмадын мэдлэг туршлага, идэрийн цог золбоо, залуусын эрч хүчинд тулгуурлан хөгжил урагшилдаг байна.

Гэтэл манайд нийгмийн ядуурал, ажилгүйдэл, сошиал орчин дэх улс төрийн элдэв мэдээллүүдээс болоод залуучууд ахмадуудыг буруутгаж, үзэн яддаг болж, тэднийг үхэж, үрэгдэж байж нийгэм цэвэрших мэтээр үзэж ойлгодог хандлага бий болчихоод байна.

Ахмадууд бол ажил амьдралын арвин туршлага хуримтлуулсан хүмүүс. Тэд залуусын туулж давсан зарим алдаа оноог залуу насандаа дайрч туулсан учраас тэднийг алдаа гаргахаас сэрэмжлүүлж, оноог нь чиглүүлж өгөх ачтанууд. Тэдний залуу нас, хөлс хүчээ энэ улс орны хөгжлийн төлөө өргөсөн. Тиймээс залуус бид тэдэнд хүндэтгэлтэй хандах учиртай.

Дорно дахины улс орнуудын улс төрд ахмад настнуудын эзлэх хувь харьцангуй өндөр байдаг нь тэдний туршлага мэдлэг, асуудалд хянуур нямбай хандах хандлага, эд хөрөнгө, эрх мэдэлд шунадаггүй байдалтай холбоотой тул зөвхөн улс орны төлөө тууштай зүтгэдэг зан чанартай нь холбоотой.

Өнөөдөр ч гэсэн дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг болох АНУ-ыг 80 нас гарсан хүн удирдаж байгаа нь үүний нэг илэрхийлэл биз.

Гэтэл манай улсын хувьд асуудал эсрэгээрээ гэж хэлж болох. Шударга ёсыг эрхэмлэдэг, ахмадуудаа хүндэлдэг, хууль ёсыг дээдэлдэг залуус байхад сайны хажуугаар саар гэгчийн үлгэрээр дарга дагаж улс төрд орж, эрх мэдэл албан тушаалд хүрээд, тэрнийгээ үүрдийн мэт санаж, түүнээсээ салахыг хүсэхгүй байгаа залуус ч цөөнгүй байх.

Бүр 10-20 жил төрд албан тушаал эрхлээд, нэг ч удаа бизнес эрхлэж үзээгүй атлаа төрөөс төрсөн тэрбумтан болчихдог жишиг байсаар байгаа нь залуусын ахмадуудад хандах иргэдийн хандлагыг эрс сөрөг  болгож байгаа нь нууц биш.

Мөн дээр нь олон жил төрд зүтгэсэн нэртэй ч түрүүвчээ зутаатгасанаар өөр тус нэмэр нийгэмд үзүүлээгүй, иргэдэд хэрэгтэй хууль санаачилж ажиллаагүй ахмад улс төрчдийг нийгэм, залуус буруутган үзэх хандлагатай байна.

Цаашдаа бид ийм хандлагыг өөрчилж, ахмад залуус бие биенэ буруутгах бус харилцан ойлголцож, хамтдаа урагшлах нь чухал юм.

Мөн мэдлэг чадвартай, төрийн хар хүний цөлх ухаантай, ажлын арвин туршлагатай  ахмадуудаа Монголын төрд сонгон ажиллуулах нь зүйтэй юм.

Тиймээс УИХ-ын сонгууль дөхсөн энэ цаг үед УИХ-д нэр дэвшиж буй кандидатуудаас хэн нь хэн вэ гэдгийг иргэл сонгогчид сайн “таньж”, мэдлэг туршлага арвин,  ярьж хэлсэндээ хүрдэг, олны итгэл дааж чадсан ахмадуудаасаа сонгон дэмжиж төрд илгээх нь улс орны хөгжилд чухал хувь нэмэр болж байгаа хэрэг.

А.Галт

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)