Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Эрх баригчдын атганд орсон АН

Эрх баригчдын атганд орсон АН

МАНгарууд дураараа дургиж байна. Сонгуулийн хууль илтэд зөрчиж, тайлангаа тавих нэрийдлээр тойргуудаараа тойрч, сонгуулийн сурталчилгаа хийж, бүр ард түмнийг мэдлэггүй мэтээр даапаалан "Шинэ хоршоо", 10.000 өрхийн ипотекийн зээл гэх мэт хямдхан "өгөөшөөр" өөрсдөдөө татахаар оролдож байна. Уг нь сонгуулийн хуулинд цагаан дээр хараар тод заачихсан байгаа. Сонгуулийн өмнө энэ мэтээр аяглаж, иргэдэд амлалт өгч, аливаа байдлаар боломж санал болгох нь хориотой. Гэхдээ МАНгаруудад энэ хамаагүй бололтой. Хуулийг утгаар нь гууль болгогчид нь тэд. Тиймдээ ч ийн улаан цагаандаа гарч байгаа биз.
Улаанууд ийн увайгүйтэж байхад, цэнхэрүүд нь ч бүр таг аа: Ардчилсан намынхан шуудхан хэлэхэд арчаагүй байна. Сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй, өөрсдөө харин "шуудайнд хийсэн эвэрнүүд" гэдэг шиг л тал талд шаагилдаж, хувь хувьдаа оноо авахаар мэрийцгээж байна. Намын дарга нь ч хэрэг алга. Бакиал жийн даналзаж, энд тэнд нэтрүүлэгт ороод завгүй л.
Уг нь Ардчилсан намынхнаас олигтой нь байсан бол эрх баригчдыг жинхэнэ "чичиргэж" баймаар. Амлалтуудынх нь биелэлтэд хяналт тавьж, ам асууж, ард түмэнтэйгээ хамжаад МАНгаруудад манартал нь хариу барих байлаа. Сонгуулийн хууль зөрчөөд хөдөөгүүр гороолоод байгаа нөхдийг хазаарлаж, бүр нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх хэмжээнд хүртэл "ташуур өгөх" байлаа. Өлгөөд дөрөөлчих, өөрсдөдөө ашигтайгаар эргүүлчих өнцгүүд өчнөөн л байна даа уг нь. Даанч тэд чадахгүй нь чадал нь хүрэхгүй нь. Бүр хамсаад хууль зөрчөөд яваад байхыг нь яана, хачирхалтай, хөгтэй...
Ардчилсан нам МАНгаруудын атганд орчихжээ, ард түмэн тэгж дүгнээд, тэгж эгдүүцээд, энэ сонгуулиар итгэл дайхаас ч цааргалж байна. "Муу ч, сайн ч МАН-ынхандаа зурчихъя аа, АН-ынхнаас л дээр биз" гээд аргаа барсан үгс унагаж байгаа олны хандлагаас л энэ намын нэр хүнд хэр хэмжээнд очсоныг харж болно. Шалбаагт хутгалдсан, шаварт живсэн, мөддөө гялайхаасаа ч өнгөрсөн биз ээ.
Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)