Даахгүй нохой булуу хураана гэгчээр...
Төрийн соёрхолт дуучин Д.Болд төрд орохоор шийдсэн бололтой, тийн чигийн утга, агуулга бүхий мэдэгдлийг цахим хуудаснаа нийтэлжээ. Амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө зориулна. Надаас үл шалтгаалах зүйлс олон байгаа тул эргээд тодорхой мэдээлэл өгөх болно оо гэж.
Төрийн соёхолтын төрд өөрийгөө сойно гэсэн мэдэгдэл ард түмний дунд шуугиан тарьж, магтаал шүүмжлэлийг зэрэг урсгаад байна аа. Залуу хүн зөв, хийсэн, бүтээсэнтэй хүн чинь зоригтой хөдлөх хэрэгтэй гээд толгойг нь илэх хэсэг байгаа бол дараагийн С.Жавхлан гарч ирэх нь дээ гээд даапаалах, халаглах хэсэг ч байна.
Ер нь хараад байх нь ээ урлагийнхан, бөхчүүд төрд гараад гийгүүлсэн түүх үгүй. Хамгийн наад захын жишээ л гэхэд С.Жавхлан гавьяат. Хий дэмий баахан л орилсон, попорсон, тэрнээс цааш гавиагүй. Хэдий олны танил байлаа гээд ч давуу тал огт гараагүй. Дуучин Д.Болд ч үүнээс дээр тавиланг гэтлэхгүй л болов уу, тийн таамаг байна, тийн зураглал ч угаас ажиглагдаад байна.
Даахгүй нохой булуу хураана гэдэг. Өөрийн чадлаас хэтийдсэн даваа руу өгсөх гээд яах нь вэ дээ. Түүний оронд мань Д.Болд харин ч дуугаа хийгээд залуус, хойчсоо бэлдээд байж байсан нь л өлзийтэй бодогдох. Чадах чадахаа л хийе. Чадахгүйгээсээ харин дутаж суръя.
Д.Сүрэн