“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна
Эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдад танилцуулах зорилгоор “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалт Төрийн ордонд эхэллээ.
Сургалтыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар нээж үг хэлсэн бол Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдэвт илтгэл тавив. Мөн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь”, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдвээр илтгэл тавьж, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт, И-Монголиа академийн салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай “И-Монголиа академи” танилцуулгыг хийсэн юм.
Харин Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн мэдээлэл технологийн албаны дарга Б.Доржмягмар эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
Эхний өдөр буюу өчигдөрийн (2024.05.04) сургалтад оролцогчид засаглал, манлайлал, хууль, дүрэм журам, стратеги, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хүний нөөц, аюулгүй байдал сэдэвт хэлэлцүүлгийг хийв. Сургалт ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 06 хүртэл үргэлжилнэ.
Г.Анар
Эх сурвалж: analiz.mn