Мета компанийг Монголын улстөрчид "тэжээж" байна
Сонгуулийн жил онцгой. Содон содон фактууд их л өрнөдөг. Эхнээсээ ч өрнөж байна. Улстөрчид ард түмэндээ хайр зарлаж, энгүй ухаантны дүрээр энд тэнд гороолж үзэгдэнэ. Сошиалаар л дүүрэн улстөрчдийн цэцэрхсэн пост, бичлэг, рийлүүд. Тодрох гээд ядацгааж байна даа, дэндэж байна.
Нэг сонин факт явж байна. Сонгуулийн жил улстөрчид өөрсдийгөө сурталчлахаар Мета компанид нийт 100 сая орчим доллар төлдөг гэнэ. Асар их мөнгө. Сошиалд нийтэлсэн мэдээллээ илүү олон хүнд хүргэж, гоё харагдахын тулд л ийн мөнгийг цацдаг байх нь. Уг нь үнэхээр олны сэтгэлд нийцэхүйц зүтгэлтэй ажиллачихсан, нүүр бардам хүнд ингэж "ядрахын" хэрэг гарамгүй л дээ. Даанч манай улстөрчид эсрэгээрээ, хийж бүтээсэн гавьяа тун хомс, тиймдээ ч сошиалд найдаж, сошиалаар ажлаа хийх, ажил хийсэн дүр эсгэхдээ сурамгай.
Мета компанид хандивлаж байгаа 100 сая доллараа ард түмэндээ зарцуулж, улс орныхоо хөгжилд нэмэрлэдэг бол үнэмлэхүй тустай сан. Гэвч манай улстөрчдөд тийм сэтгэл алга. Яана даа хэдүүлээ. Гадагш нь бүхнээ гаргаж, хандивлах биш дотоодоо үлдээж, өөрсдөдөө зарцуулж, өөрсдөө баялаг бүтээж, ухаантайхан амьдрах юм сан даа. Ухаантайхан сонголт хийж, урагшгүй улстөрчдийг ч бандах юм сан.
Д.Сүрэн