Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэлээд халаа сэлгээ хийх үүрэг өгсөн үү
МҮОНРТ-ийн шинэ захирал Г.Гэрэлийн эрх мэдэлдээ дулдуйдсан халаа сэлгээ гаарчээ. Тэрбээр телевизийнхээ мэргэжлийн уран бүтээлчдээс өөртэй нь үзэл бодол, үг яриагаараа зөрчилдсөн хэн бүхнийг ажлаас нь халж эхэлсэн гэнэ. Харин өөрийн “тал”-ын гэх тодотголтой нэгнийг ажилд авах болсон тухай ойрын эх сурвалжууд дуулгаж байна.
Г.Гэрэлээ ерөнхий захирлын суудалд суухаасаа өмнө байгууллагынхаа дэд захирлын албыг хашдаг байсан. Тэр үедээ МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг мэдлэг, ур чадвараар нь бус үзэл бодол, шашин, нам, улс төрийн үзэл бодлоор нь ангилж байсан бололтой. Захирлын суудалд тухлаад нэг сар болов уу, үгүй юу хэд хэдэн мэргэжлийн уран бүтээлчдийг ажлаас нь халж, гарынхаа хүмүүсийг тэдний орон тоонд томилж ажиллуулсан байна. Өөрөөр хэлбэл, удахгүй болох УИХ-ын сонгуулиас өмнө ур чадвар муутай ч үгнээс нь гардаггүй уран бүтээлчдээр өөрийгөө хүрээлүүлж буй бололтой.
Хамгийн сонирхолтой нь Г.Гэрэлээ МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдсон цагаасаа телевизийнхээ уран бүтээлчидтэй хурал цуглаан, уулзалт ярилцлага хийхдээ шинээр тушаал, шийдвэр танилцуулахдаа ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн нэрийг барьдаг аж. Тэр ч бүү хэл халагдаж буй уран бүтээлчдийнхээ ажлаас чөлөөлөх тушаалыг өгөхдөө ч түүний нэрийг дурддаг болсон нь “гайхалтай”.
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэлээ гэж хэн бэ?
Г.Гэрэлээг Монголын ард түмэн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч байснаар нь андахгүй. 9 дүгээр ангиасаа МҮОНРТ-д ажиллаж эхэлсэн хэмээн “попордог” тэрбээр одоогоос хэдэн жилийн өмнө дуучин Т.Баясгалангийн “Эх орон” гэх арилжааны телевизэд багагүй мөнгөөр цалинжиж, захирлаар нь томилогдон ажиллаж байсан түүх бий. Гэвч тус телевиз олноос онцгойрч чадалгүй, замхран алга болсон. Харин Г.Гэрэлээ “төрлөх” телевиздээ эргэн ирж, дэд захирал болтлоо дэвшин ажиллаж байв.
Ямартай ч МАН-ын идэвхтэй гишүүн Г.Гэрэлээ сонгон шалгаруулалтаар Монголын ганц олон нийтийн статустай байгууллагын ерөнхий захирлын суудалд тухлаад нэг сар орчмын хугацааг үдлээ. Авьяаслаг, сэргэлэнгээрээ алдартай түүнийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан араас нь удирдаж байгаа хэрэг үү. Аль эсвэл өөрийн башир арга мэхээ эрх мэдэлтэй хүний нэр барьж хэрэгжүүлж байна уу.