Б.Үйлсзаяа үндэсний дээлтэйгээ 42 км марафонд гүйж, гиннесийн дээд амжилт тогтоолоо
Монгол эмэгтэй “ТСS London Marathon-2024” марафонд үндэсний дээлтэйгээ гүйж, гиннесийн рекорд тогтоолоо.
Тэрбээр Монгол үндэсний дээлтэй 3:59:56 секундээр 4 цагаас дотогш гүйж, монгол дээлтэй 42.195 км марафонд гүйсэн эмэгтэйгээр гиннесийн амжилтад бүртгүүлж чадсан байна.
Түүний хувьд өмнө нь Лондон марафонд нэг удаа цахимаар, хоёр удаа биеэрээ оролцож 6 од медаль болон хүрэл медалийг хүртэж байжээ. Одоогоор энэхүү “Их зургаа”-г дуусгаж, марафончдын мөрөөдөл болсон “6 од” медалийг авсан 13,000 гаруй гүйгч байдгаас зургаа нь монгол гүйгч юм.
Анхны албан ёсны марафон болох Бостон хотын марафон 1897 онд зохион байгуулагдаж байв. Өдгөө цар хүрээ, нэр хүндээрээ Токио, Бостон, Лондон, Берлин, Чикаго, Нью Йорк хотын марафонууд “Их зургаа” хэмээн хүндлэгдэн, гүйлтийн спортод дурласан хэн бүхний зорилго, мөрөөдөл болохын сацуу нийгэмд чиглэсэн олон агуулга, уриалга, үзэл санааг түгээн дэлгэрүүлсээр буй.