Эмийн сонсголын шинжээчдэд мэдээллээ нягтлах “зав” байсангүйгээс иргэдийг гүтгэв үү!
Удаан хугацаанд яригдаж, олны хүлээлтэд байсан ЭМИЙН гэх тодотголтой сонсгол эхлээд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд өрнөж, нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм. Гэвч сонсголын хоёр дахь өдрийн дараагаар иргэд цахим орчинд сонсголтой холбоотой но-той өнцгүүдийг дэлгээд эхэллээ.
Сонсголын үеэр эмийн компанигүй, энэ чиглэлээр бизнес эрхэлдэггүй иргэдийн овог нэрийг ашиглан нийтэд худал мэдээлэл өгсөн талаар зарим хүмүүс олон нийтийн сүлжээнд тайлбар, залруулга бичсэн нь шуугиан тариад байна.
Ганц, нэгээр ч тогтохгүй маш олон иргэн ийм агуулгатай сэтгэгдэл нийтлэл бичиж, “ор үндэсгүй мэдээлэл тарааж байна, гүтгүүллээ” хэмээн давалгаалж байгаа нь шинжээчид хангалтгүй ажиллаж, сайн боловсруулаагүй, дутуу, дулимаг мэдээллээр иргэдийг харлуулсан юм биш биз дээ гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна.
“Гүтгүүллээ” хэмээн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн зарим иргэдийн сэтгэгдлээс хүргэвэл, иргэн Г.Навчаа “Эмийн сонсголыг сайн нягтлаагүй, их л яаруу явуулж байх шиг. Бүх мэдээлэлд нь итгэх хэрэггүй юм байна. Насандаа нэрийг нь сонсоогүй компанитай холбосон байна. Ингэж хүн гүтгэж болдог юм уу” гэжээ.
Мөн иргэн О.Батбаяр “Эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг насандаа сонсоогүй эмийн компанитай холбохдоо аавтай нь, ээжтэй нь адилхан нэртэй хүн эмийн компани эзэмшиж байвал шууд холбож байгаа юм байна. Яг л 1937 оных шиг.аргаар. Opendatalab.mn рүү ороод холбосон компанийнх нь мэдээллийг хайхаар яг тэгж харагдаж байна. Эмийн сонсголын шинжээч нар арай л дэндүү байна” гэжээ.
Энэ мэт иргэдийн сэтгэгдэл, нийтлэлүүд хөвөрсөөр. Угтаа бол сонсголын шинжээчид маш удаан хугацаанд судалж, шинжилж, тулгаж, хянамгай, няхуур байж, холбогдох хүмүүсийн овог нэр, албан тушаал, аж ахуйн нэгжүүдийн нэрсийг зарлах учиртай. Гэвч тэдэнд тийм зав байгаагүй бололтой. Асуудалд хөнгөн хуймгай, хариуцлагагүй хандсаны гор илэрч байх шиг.
Одоо Эмийн сонсголыг зохион байгуулагчид олон нийтэд залруулга, тайлбар мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол олон олон хүний нэр төр сэвтэж, бүр бүхэл бүтэн салбарын үнэлэмж буурах эрсдэл үүсэх вий дээ.