МУГТ Э.Цэндбаатар эх орондоо бэлтгэлд гарчээ
Монголын боксын шигшээ багийн тамирчид Хандгайт дахь “Олимп” спорт цогцолборт олимпын эрх олгох сүүлчийн тэмцээний нэгдсэн бэлтгэлээ хангаж байна. Боксчид эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөх юм.
Тэгвэл тэдний дунд гавьяат тамирчин Э.Цэндбаатар бий. Тэрээр энэ сарын 8-нд АНУ-руу буцаж, 10 дахь тулааныхаа бэлтгэлд орох тухайгаа ярьж байсан. Харин олимпын эрхийн тэмцээний сорилд ялсныхаа дараа бодлоо өөрчилжээ.
Түүний хувьд олимпоос медаль хүртэх, цаашлаад Монголын боксчдоос алтан медаль хүртсэн хоёр дахь тамирчин болох зорилго, мөрөөдөлтэйгээ ярьдаг. Энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орондоо үлдэж, эрх авах тэмцээнд гол анхаарлаа хандуулахаар болсон байна. Тиймээс АНУ руу буцалгүй шигшээ багтайгаа нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байгаа аж.
Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр, дасгалжуулагчаар гавьяат тамирчин Д.Отгондалай, олон улсын хэмжээний мастер О.Батхүү, Ж.Еркин, Ц.Даваацэрэн нар ажиллаж байгаа юм.
Тайландын Бангкокт болох олимпын эрхийн тэмцээн ирэх сарын 23-нд эхлэх бөгөөд баг тамирчдын мэдүүлгийг авах хугацаа өнөөдрөөс дуусаж байна.
Эх сурвалж: IToim.mn