Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Ногоон автобусны хэргийг Б.Энхбаяр сайд “гацааж” байна гэв үү?

Ногоон автобусны хэргийг Б.Энхбаяр сайд “гацааж” байна гэв үү?

Нүүрсний хэргийн “дуун” намжаагүй байтал НОГООН АВТОБУСНЫ гэх дуулиант хэрэг дэгдэж, олны уур, бухимдлыг үнэмлэхүй өдөөсөн. Улстөрчид, эрх мэдэлтнүүд эгэл ардын боломж, Улс, нийслэлийн төсвөөс хэрхэн “хумсалдгийн” том жишээ ч болов.

Хариуцлагын асуудал яригдсан, хэсэг л шуугисан. Гэхдээ яг одоо чухам хэн нь гэмтэн, буруутан болсныг ард түмэн мэдэхгүй хэвээр л. Буруутангүй “зохиол өрнөж”, бүр сүүлдээ “замхрах” тийшээгээ л хандаад байх шиг...

Ногоон автобусны хэргээс үүдэж Хотын мээр Д.Сумъяабазар болоод Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар ажлаа өгсөн. Өдгөө Ж.Сүхбаатарын нэр л гагц тодоор дуулдаж, эл айхавтар хэргийн гол гэмийг үүрэх хүн гээд цохогдоод байх шиг. Мань хүн ч "гэмгүйгнэ нотолно оо” л гээд гүрийгээд байгаа.

Түүнийг нь хууль, хяналтын байгууллагынхан шийдээд өгөх биз. Харин Хотын экс мээрийн асуудал аниргүй хэвээр. “Уснаас хуурай гарах” тал руугаа орчихов уу даа. Сандал, суудлаасаа ховхроод л дуулианаас мултарчих янзтай. Уг нь бол тэрээр улс төрийн хариуцлага л хүлээсэн төдий. Тэглээ гээд хуулийн хариуцлагаас ангижрахгүй. Хууль хүн бүрт эрх, тэгш.

Тиймээс Д.Сумъяабазар ч хуулийн байгууллагынханд Ж.Сүхбаатар шиг “ноолуулах” л ёстой сон. Энэ хоёр хүн тухайн үед автобустай холбоотой асуудалд хамгийн ойр байсан нь нот. Тийм ч учраас огт гэмгүй ээ гээд дүгнэхэд бэрх, ямарваа нэг эрх ашгаар ногоон автобусны хэрэгтэй холбоотой л байж таарна гээд олон түмэн сэрдээд байгаа, үгүйсгэшгүй л өнцөг дөө.

Ж.Сүхбаатар харин ч бас “эрийн хуйх” зааж, “Элдэв асуудалд холбогдсон тул ирэх сонгуульд нэр дэвшихгүй ээ” гээд хэвлэлд яриа өгч харагдана билээ. Өчүүхэн ёс зүй ханхлуулж л байгаа юм. Гэтэл Суумк дарга эсрэгээрээ парламентийн танхим тийш хүсэл дайж, давруу санаа өвөрлөөд байгаа, ичгүүртэй. Д.Сумъяабазар гэдэг хүнийг сайтар шалгамаар байна аа. “Яагаад ийн асуудлаас ангид “таахалзаад” байна вэ?” гээд олон нийт ч эгдүүцээд байна.

Бүр түүний ард одоогийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг байгаа гэсэн бор шувуу ч нисэлдэж байх жишээний. Тэгээд л холбогдох байгууллагууд нь ч шалгадаггүй, мань хүн ч шалгуулдаггүй, “төрийн хамгаалалтад орчхоод” яваад байна гэх. Хууль зүйн сайд үүнд дорвитой тайлбар өгч, үнэхээр тийм асуудал байхгүй бол үнэнийг үйлдлээрээ нотлон, ногоон автобусны хэрэгт биечлэн анхаарч, Сумъяаг нь ч тэр, Сүхийг нь ч тэр гамгүй шалгах хэрэгтэй.

Мөн уг хэрэгт холбогдоод өөртөө хара кири хийсэн Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга юу болов?

Энэ мэт будлианаа захаас нь цэгцэлвэл зохилтой. Тиймгүй л бол ногоон автобусны гэх энэ хэрэг замхрах нь байна. Өөрийгөө өмөөрөх нь өмөөрч сунжраад, гэмтээх нь гэмтээж сунжраад, зарим нэг нь бүр гэм үүрэх нь байтугай баатар авирлан даварч сунжраад, ээ дээ мөн бүтэшгүй нь ээ.

Б.Энхбаяр сайд та л учрыг нь ол, энэ бүхэнд бас өөрөө бага сага орооцолдоогүйгээ ч бат нотол...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)