Баянхошуунд гарсан галын улмаас нэг алба хаагч амиа алдаж, хоёр алба хаагч эмнэлэгт хүргэгдлээ
Баянхошуу орчимд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байсан хоёр алба хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгджээ.
Галыг бүрэн унтарсны дараагаар Онцгой байдлаас дараах тайлбар мэдээллийг өглөө.
-Гал түймрийг бүрэн унтрааж дууслаа. Түрүүнд орсон дөрвөн албан хаагчийн гурав нь гарч ирсэн. Нэг нь гарч ирээгүй байна гэдэг мэдээллийг өгсөн. Тэгвэл сая гурван давхарт нь галыг унтраах явцдаа нэг бүрчлэн хайгуул хийлээ. Манай алба хаагч маань албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан байна.
Алба хаагчийн тухайд анхны дуудлагаар ирсэн Чингэлтэй дүүргийн онцгой байдлын 10 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч байсан. Мөн хоёр алба хаагч маань хөнгөн бэртээд эмнэлэг рүү явсан байгаа.
Одоогоор тус дэлгүүрт ажиллаж байсан ард иргэдээс ямар нэг байдлаар угаартсан, гэмтсэн, бэртсэн гэсэн зүйл байхгүй байна.
Объектын тухайд шатамхай бодис байсан. Ахуйн хэрэглээний газ нэлээд байсан. Гал унтраахад жаахан удаашралтай байсан шалтгаан нь энэхүү барилга гурван давхар бөгөөд давхар бүрдээ маш их шатах материалтай, галын ачаалалтай байлаа гэв.
Эх сурвалж: IToim.mn