Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдад нь одоо л дэмжлэг хэрэгтэй байна
УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Энэ хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газар өргөн барьсан. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
"Улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй тулсаар ирлээ. Тэдний өмнө монгол төр ард түмэнтэйгээ хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч үнэн. Монголчуудын итгэмтгий занг ашиглан нам, шүүх, төрийг өмчлөн авч, аалзны шүлс мэт систем үүсгэснийг одоо л олон нийт дүгнэж байна. "Эрдэнэт"-ийн 49, "Монголросцветмет", Дарханы төмөрлөгийн үйлдвэр, "Оюу толгой", "Тавантолгой" зэрэг асуудлууд үүнээс болж үүссэн.
"Эрдэнэт" үйлдвэрийн орлого 962 тэрбум төгрөг байсан. Өнөөдөр хоёр их наядад хүрлээ. Энэ нь бүлэглэлд ямар их бүртгэлгүй мөнгө эргэлдэж байсны баталгаа. ЭТТ ХК ил тод болсноор 2023 онд 9.6 их наядын орлого олсон. Гурван их наяд нь цэвэр ашиг. Улсын төсвийн орлого ч анх удаа 4.6 их наядаар давж, энэ нь иргэдэд цалин, халамжийн нэмэгдэл, цэцэрлэг сургуулийн хүртээмж болж очсон. Таван тэрбум ам.доллар болж валютын нөөц давсан. "Оюутолгой"-н 34 хувьд ноогдох өрийг тэглээгүй бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх биш ирээдүйд үүсэх 22 тэрбумын өрийг л ярилцах байлаа.
Нийт стратегийн 16 ордын зөвхөн долоо нь л өдгөө "Эрдэнэс Монгол"-д байна. АМНАТ-аас зайлсхийхийн тулд хуваан эзэмшсэн зэрэг далд эдийн засаг үүсгэсэн олон асуудал бий. Энэ талаар удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Нийгмийг нэлээд бухимдуулах нь ойлгомжтой. Гэхдээ иргэд олон нийт зайлшгүй мэдэх ёстой. Энэ талаар шаардлагатай мэдээллийг Засгийн газар гаргаж өгсөн.
Энэ бүлэглэлтэй мөргөлдсөн нь амь насаа алдаж, эсвэл улс төрөөс шахан зайлуулсаар ирсэн. МАНАН системийг задлахын төлөө зогссон сүүлчийн Засгийн газар байж мэднэ гэдгийг хэлье. Шүүгчдийн өмнө шударга ёсны тэмцэл мухардаж байгааг ч нуугаад яах вэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах явц ч хялбар биш байх нь ойлгомжтой. Хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнээсэй. Энэ хуулийг батлахад Ерөнхий сайдад дэмжлэг одоо л хэрэгтэй байна.
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн "Баялагтаа эзэн байх" реформын эхлэл. Үзэл бодлын зөрүүтэй ч энэхүү суурь зарчимд нэгдэхээ илэрхийлсэн АН, ХҮН намын дарга нарт талархъя. Үндэсний баялгийн сан нь Норвегийн баялгийн сангийн загвар, Сингапурын хуримтлалын сангийн жишиг загвар юм" гэлээ.