Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.10.16

Таван толгой түлш компанийг МАН “хайрлах” шалтгаан

Таван толгой түлш компанийг МАН “хайрлах” шалтгаан

“Таван толгой түлш” ХХК гэж алдагдалтай ажилладаг хирнээ улс нийгэмд ашиг тус  байдаггүй компани бий болчихлоо. Анх нийслэл хотын  агаарын бохирдлыг бууруулахад зориулан сайжруулсан түлш үйлдвэрлэж иргэдэд түгээж борлуулах зориулалттай байгуулагдан 6 жилийн нүүрийг үзэж байгаа энэ компанийн үйл ажиллагаа цаашид төрд ч, нийгэмд ч, ард түмэнд ч хэрэгггүй болох нь нэн тодорхой боллоо.

Өвлийн хүйтний өдрүүдэд биш хаврын урин цагт ч гэсэн сайжруулсан түлшнээс  болж хот даяар газны үнэр гэмээр эхүүн өмхий үнэр үнэртэж эхэллээ.

Эл компани агаарын бохирдлыг бууруулах нэрээр төсвөөс асар их хэмжээний татаас авч, татвар төлөгчдийн мөнгөөр   өндөр зардал гаргадаг атлаа агаарын бохирдлоо бууруулдаггүй, эсрэгээр нь агаарт байх хорт бодисын хэмжээг улам бүр нэмэгдүүлж, жилээс жилд иргэдийг эрүүл мэнд, амь насаар нь хохироож байгаа  гэж хэлж болох энэ компанийг одоо болтол татан буулгахгүй байгаагийн НУУЦ илэрхий  байна.

ТТТТ компани дээр нийслэл хотын гэр хорооллын 200 гаруй мянган айл өрх, иргэний бүх мэдээлэл байдаг. Нэг өрхөд сонгуулийн насны 3-4 хүн байдаг гэж үзвэл нийт 600-800 мянган сонгогчийн мэдээлэл тэнд байна гэсэн үг. Энэ нь Улаанбаатар хотын бүх сонгогчийн 50-60 хувьтай тэнцэх хэмжээний сонгогч.

Сайжруулсан түлш хэрэглэдэг эдгээр иргэдэд түлш хүргэлт, түгээлт, борлуулалтыг картаар дамжуулан хийх нэрээр тэдний бүх мэдээлэл ТТТ компани дээр нэгтгэгдсэн.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын мэдээллээс илүү нарийвчлалтай, бодит, үнэн зөв мэдээллийг ТТТ компани нэгтгэсэн байдаг учраас эрх баригч МАН дээрх мэдээллээр дамжуулан сонгуулийн үйл ажиллагаа явуулах, мэдээллийг нь ашиглах, сонгогчийн саналыг татах зорилгоор ТТТ компанид МАН “ХАЙРТАЙ” байдаг аж.

Гэтэл үнэндээ чанаргүй түлш үйлдвэрлэж, “Эрдэнэс Таван толгой” ХК-аас жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн санхүүжилт авсан  атлаа мөн л хэдэн арван тэрбум төгрөгийн  алдагдалтай ажилладаг төрийн оролцоотой компани эрүүл саруулаар сэтгэдэг улс төрчидтэй  дэлхийн аль ч улс оронд байхгүй гэж хэлж болно.

 Түүгээр зогсохгүй  төрийн оролцоот “Таван толгой түлш” компанийн  удирдлагууд нь дураараа дургиж, татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй үрж,  доод удирдлагадаа  ах дүү, хүргэн бэр, амраг садан, найз нөхдөө  татан авч ажиллуулж, “НУУЦ” ажлын хэсэг нэрийн дор өөрсдийн хамаарал бүхий компаниудыг сонгон шалгаруулалтгүй оруулж, төсөвт өртөгөөс хэд дахин илүү үнийн саналаар бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ авч  нийлүүлсэн гэх мэдээлэл бас байна.   

Өмнө бид ТТТ компанийн Захиргаа удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг, Чанар борлуулалтын газрын дарга Г:Ундармаа нар ТТТ компанийг хувийн компани шиг өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээр хэрхэн хууль бус томилгоо хийж  бүрдүүлсэн тухай мэдээллийг хүргэж байсан.

Тэгвэл энэ удаад ТТТ компанийн Ерөнхий инженер Ц.Алтансүх болон Ерөнхий механик Балдан-Осор нар  байгууллага дотроо өөрийн хүмүүсээр баг бүрдүүлж, хэрхэн авлигын сүлжээ үүсгэсэн талаарх баримт мэдээллийг хүргэе.

Тэд “Близтех” ХХК, “Хүрээ шийдэл” ХХК, “Канол” ХХК, “СFC” ХХК, “KHNR” ХХК, “Түмэнтөмөрт” ХХК зэрэг компаниудаар ямар ч ажил гүйцэтгэхдээ үнийн саналыг нь өөрсдөө гарагж өгөхийн зэрэгцээ ямарч  сонгон шалгаруулалтгүйгээр ажлаа гүйцэтгүүлдэг гэх.

Мөн бараа материалын үнийн багцааг мэддэг, шударга зарчимч шаардлага тавьсан ажилчдыг дарамтлах, ажлаас нь халах, албан тушаал бууруулах зэргээр шахан “зайлуулах” байдлаар ажилладаг төдийгүй тэдэнд төлбөр торгууль тавих нь хэвийн үзэгдэл мэт болсон гэнэ.

Таван толгой түлш компанин инженер техникийн гол ажилчид болох Ерөнхий инженер Ц.Алтансүх, Ерөнхий инженер н.Мөнхжаргал (Ц.Алтансүхийн найз) Ерөнхий механик н.Балдан-Осор, Ерөнхий инженер н.Энхсайхан (Чанар борлуулалтын газрын дарга Г:Ундармаагийн дүү), Ерөнхий инженер н.Даваацэрэн (хуурамч дипломтой гэх) нар нь ажлын туршлагагүй атлаа шууд хариуцлагатай албан тушаалуудад томилогдон ажиллаж байгаа төдийгүй бүгд өөр хоорондоо холбоо хамааралтай этгээдүүд аж.

Тендерийн материал боловсруулах чадвар байгаа эсэх нь тодорхойгүй эдгээр албан тушаалтнууд тооцоо судалгаанд суурилаагүй, ойлгомжгүй, хуурамчаар өндөр үнэ төсөвлөсөн байдлаар зориуд тендер зарлан зохион байгуулж, тендерт хэн ч ороогүй гэдэг шалгааныг гарган, түүндээ өөрийн хамаарал бүхий компаниудыг оруулан ажил гүйцэтгүүлж, тэндээсээ хувь ашиг гаргуулж авдаг байж болзошгүй нөхцөл үүсээд удаж байгаа аж.

Удаа дараа хууль зөрчөөд, сайжруулсан түлш үйлдвэрлэж, түгээх борлуулах нэрээр иргэдийн эрүүл мэндийг хохироож,  татвар төлөгчийн мөнгөнөөс “хулгайлж” буй энэ мэт  үйлдэлд  АТГ зэрэг хууль хяналтын байгууллага хэзээ  хариуцлага тооцно вэ?

Эсвэл эрх баригч МАН-ын болон нийслэлийн удирдлагуудын сонгуульд хамгийн чухал нөлөө үзүүлдэг, нийгэмд бус улс төрчидөд “ашигтай” учраас энэ байгууллагынхан  “хулгай хийж л” байг, та бүхэн шалгах боолмжгүй гэсэн үг юм уу?

Дараагийн удаад бид  2012-2016 онуудад Эрдэнэт үйлдвэрийн захирал байхдаа хэд хэдэн оффшор бүс рүү олон сая ам.долларын гүйлгээнүүд хийсэн гэх хэрэгт сэжиглэгдэн яллагдагчаар татагдаж байсан, өдгөө Таван толгой түлш компанийн гүйцэтгэх захирлаар ажилалж байгаа Ц.Даваацэрэнгийн хууль бус томилгоо, бусармаг үйл ажиллагаа болон шилэн дансаа яагаад хөтлүүлдэггүй  тухай баримттай  мэдээлэл хүргэнэ.

А.Галт

Sanuulga.mnb

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)