Сү.Батболдыг хулгайн мөнгөөр Нью-Йоркт байр авсныг гадаадын хэвлэлүүд бичиж байна
Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд хулгайн мөнгөөр Нью-Йорк хотод орон сууц худалдаж авсан талаар гадаадын хэвлэлүүдээр цацагдаж байна. Тухайлбал, BBC, Reuters зэрэг дэлхийн хэмжээний томоохон мэдээллийн агентлагуудад тус мэдээ нийтлэгджээ. BBC агентлагийн мэдээг орчуулан хүргэж байна.
BBC агентлагийн мэдээлэл, "Монгол Улсын Ерөнхий сайд асан авлигын мөнгөөр Манхэттэн дэх тансаг зэрэглэлийн орон сууц худалдаж авсан хэрэгт буруутгагдаж байна" гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн байна.
Түүнчлэн мэдээнээс онцолбол, Монгол Улсын Ерөнхий сайд асан авлигын аргаар Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсан гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдлээ.
Манхэттен хотын төвд байрлах нийт 14 сая долларын үнэтэй эдгээр үл хөдлөх хөрөнгийг хураахаар прокурорууд шүүхэд хүсэлт гаргасан байна.
Тэд 2009-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболдыг томоохон уул уурхайн гэрээ байгуулсны шагналд түүний гэр бүлийн компани их хэмжээний мөнгө авсан. Үүний дараа дээрх орон сууцнуудыг худалдаж авсан гэжээ.
Ерөнхий сайд асан Сү.Батболд энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
"Ноён Батболд эдгээр үндэслэлгүй нэхэмжлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжтой шүүх хуралдааныг тэсэн ядан хүлээж байна" гэж түүний өмгөөлөгч Орин Снайдер Ройтерс агентлагт мэдэгдсэн байна.
АНУ-ын холбооны прокурорууд түүнийг, "Уул уурхайн гэрээнээс олсон олон сая долларыг хууль бус компаниудаар дамжуулан гэр бүлийнхээ тансаг амьдралыг санхүүжүүлсэн" гэж буруутгаж байгаа юм.
Холбооны мөрдөх товчооны захирлын туслах Жеймс Смит “Батболд төрийн авлигын хэргээс хувийн ашиг хонжоо олж байгаа гэх үйлдэл нь түүний удирдаж байсан хуулийг дагаж мөрддөг иргэдийг хохироож байна” гэж мэдэгджээ.
Сү.Батболдын төлөөний хүний нэр дээр бүртгэлтэй, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан ямар ч түүхгүй Catrison нэртэй компани томоохон гэрээ байгуулсны шагналд $68 саяыг авсныг шалгалтын явцад тогтоожээ. Уг компанийн цорын ганц захирал нь хэл шинжлэлийн багш байсныг мөн тогтоосон байна.
Энэ мөнгөний тодорхой хэсгийг Манхэттэн дэх хоёр орон сууцыг худалдан авахад зарцуулсан гэж АНУ-ын прокурорууд мэдэгдэв.
Тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар эдгээр байрнуудын нэгийг ноён Батболдын ууган хүү ашиглаж байсан бөгөөд тэрбээр уг хаягийг өөрийнх нь АНУ дахь шуудангийн хаяг хэмээн ашиглаж байжээ.
Одоогийн байдлаар Сү.Батболд ял сонсоогүй ч, хэрэв прокурорын нэхэмжлэлийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл дээрх өмч хөрөнгийг нь хурааж авах юм.
Харин Reuters агентлагт, "2012, 2015 онд эдгээр орон сууцуудыг 14 сая ам.доллароор худалдаж авсан байна.
Худалдан авсан мөнгө нь Эрдэнэт үйлдвэрээс зэс худалдан авахаар Хонконгт бүртгэлтэй “Catrison Limited” компанид олгосон 68 сая ам.долларын гэрээнээс гарсан гэж прокурорууд хэлжээ. “Catrison Limited” нь уул уурхайн салбарт туршлагагүй, Сү.Батболд итгэмжлэгдсэн зуучлагчаар дамжуулан тус компанийг удирдаж байсан аж.
Түүний ууган хүү Б.Баттүшиг нэг орон сууцыг нь хамт эзэмшдэг ба тэр орон сууц нь Нью-Йорк хотын East 61 гудамжны Carlton House-д байдаг" талаар мэдээлжээ.