Саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн тул сонгуулийн зардал хүрэлцэхгүй болжээ
УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр болно. Улс төрийн нам болон эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд нэг хоног үлдлээ.
Сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв 38.9 тэрбум төгрөгийн төслийг хүргүүлсэн боловч 17.2 хувь нь хасагдаж батлагдсан байна. Энэ нь сонгуулийн тойргийг томсгож, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосон тул саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн, хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай болсон байна. Мөн сонгогчдод хүндрэл учруулахгүйн тулд саналын бүхээг, санал өгөх байрыг олшруулж байгаа юм байна.
Цаашлаад, бүх шатны сонгуулийн байгууллагад ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, гадаад дахь сонгогчдоос санал авах ажиллагаатай холбогдуулан бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд холбох, сонгуулийн шинэ тогтолцоо, санал авах ажиллагааны зааварчилгаа мэдээллийг түгээх, цагдаагийн хяналт, хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт шаардлагатай болсон хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран хүсэлт өгсөн байна.