БААТАР болох уу, ШИВШИГ болох уу гэдгээ зүтгэлээрээ нотол дарга аа
Улаанбаатарчуудыг метротой болгох асуудлыг үе үеийн хотын удирдлагууд хөндөж ирсэн. Аль эртнээс л яригдсан драма. Хийрхэл хэвээр үргэлжилсээр л өнөөтэй золгосон. Үнэхээр бодит ажил болно гэдэгт нь олон нийт ч хэдийнээ итгэхээ больчихсон. Хууртсаар дасчихсан, “даапааны” сэдвийн эгнээнд метро багтаад үнэмлэхүй удчихсан.
Харин Х.Нямбаатар хотын жолоог атгаснаас хойш метро барих асуудал овоо урагштай байх шиг. Олны шүүмжлэл, дарамтыг ч овоохон дааж байна. Тооцоо судалгаа ярьж, “хийнэ, бүтээнэ” гэсэн бат итгэлээр хатуухан “үзэж” байна, сайшаалтай л.
Метроны зөвлөх үйлчилгээний тендерийг зарласан. Улмаар уг тендерт 11 улсын нэр хүнд сайтай 20 компани хүсэлтээ ирүүлжээ. Хотын дарга хэлэхдээ,"Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд, нийгмийн сүлжээнд хий хоосон, сонгууль угтсан сурталчилгааны зүйл гэх мэдээлэл гарч байгаа. Тэдэнд хандаж хэлэхэд, ямар нэгэн улстөр, сонгуулийн үйл ажиллагаатай битгий холбоосой. Урд нь хэзээ ч хийж байгаагүй том бүтээн байгуулалтын ажлыг зориг гаргаад, Улаанбаатар хотын өнөөгийн удирдлагын баг бүх тооцоо судалгаагаа хийгээд явж байгаа. Энэ онд багтаад, инженерийн ажлаа хийж дуусгах, бүтээн байгуулалтад шаардлагатай техникүүдээ оруулж ирэх шахуу төлөвлөгөөтэй явж байгаа гэдгийг хэлье" хэмээв.
Хотын даргын өнөөг хүртэл гаргасан шийдвэрүүдэд алдаа, онооны аль аль нь бий. Гэхдээ бид шүүмжилж чаддаг шигээ бас хийж, бүтээх гээд зүтгэж байгаа эрмэлзлэл, сайшаалтай талуудыг нь мөн дэмжиж чаддаг байх хэрэгтэй. Үнэхээр нийслэлчүүд метротой болчихвол энэ нь түүхэн үйл явдал болох нь гарцаагүй.
Х.Нямбаатар ч метроны төслийн явцыг үнэнхүү ахиулж, метро барих урьдач нөхцөл, боломжийг сайтар бүрдүүлчихвэл том гавьяатан, жинхэнэ баатар болох нь тод. Хамгийн гол нь уг төсөл ашиг хонжоо хайгчдын бай болж, өмнөх шигээ замхарч, ногоон автобусны араас орох вий гэдэг дээр л хяналт гүн тавих нь чухал.
Ард түмэн метрог үгүйсгээгүй. Аа харин авлигачдын саварт “алсарчих вий” гэдгээс л эмээгээд бодит ажил болно гэдэгт өндрөөр итгэхгүй байгаа юм шүү дээ.
Ямартай ч Х.Нямбаатар даргын ажилд амжилт хүсье. Нийслэлчүүд таныг бултаараа харж, ам шигээ байж чадах эсэхийг чинь хянаж байгаа. Баатар болох уу, шившиг болох уу гэдгээ үйлдлээрээ харуулах цаг мөчүүд урсаж эхэлсэн шүү дарга аа...
Д.Сүрэн
Sanuulga.mn