Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

"Хулгайч, луйварчдаа" намаасаа арчин хаяна гэх, чадах нь уу?

"Хулгайч, луйварчдаа" намаасаа арчин хаяна гэх, чадах нь уу?

УИХ-ын ээлжит сонгууль айсуй. Эрх баригчид тайлангаа тавих нэрийдлээр тойргуудаараа тойрч, энэрэнгүйн дүр эсгэж, “энхрийлж, хайлж” байна. Харин нэр дэвшихээр горилогчид олноос оноо авахыг хичээн, “онцгойрох” боломж эрэлхийлсээр. Хаа хаанаа л идэвх, зүтгэл гаргаж, тийн имидж бүрдүүлэхээр хичээж байгаа бололтой, адармаатай цаг үе үргэлжилж байна.

Энэ сонгуулийн гол дүр бол эрх баригчид. Тэд эргэн “ноёлохоор” зүтгэх нь тодорхой. Гэвч ард түмний хүсэл арай өөр байна. МАН-д итгэх итгэл нь суларчихсан, итгэл даах өөр, чадалтай улстөрийн хүчнийг хүсэмжлэх хандлагатай. Ийн эгзэгтэй үед АН олны хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байгаа нь бүр ч харамсам.

МАН-д авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон олон гишүүд бий. Тэдгээр “ширэн нүүртнүүддээ” хариуцлага тооцож, дахин нэр дэвшүүлэхгүй гэж Д.Амарбаясгалан генсек нэг бус удаа хэлээд мэдэгдээд л байгаа. Гэхдээ түүний хэлсэн үг үнэнхүү биелэлээ олох уу гэдэг нь эргэлзээтэй. МАН-ынхан ам гарахдаа сайн. Аа харин амласнаа биелүүлэхдээ хойрго, хөшингө. Тийм ч учраас найман жил засаглаад улс орныг хөгжүүлж чадалгүй, ард түмэндээ “нулимуулж” байгаа биз.

Уг нь үнэхээр л боловсрол мэдлэгтэй, улс орныг удирдан залж, төрд түмнийг төлөөлөхүйн чадамжтай байвал хэн нь ч парламентад нэр дэвшсэн хамаа алга. Нам чухал бус. Ард түмний хүсэл тийм байна. Чухам харин хулгайч, луйварчдыг л дахин төрд суулгах, төрд суулгахаар зүтгүүлэхийг л огтоос эсэргүүцэж, эгдүүцэж байгаа. Тиймээс МАН тэргүүтэй улстөрийн хүчнүүд энэ тал дээр анхаарах нь чухал. Ядаж л эрх баригчид энэ үйлийг манлайлж, Д.Амарбаясгалан генсекийнхээ үгийг албажуулж, хулгайч, худалчдаа арчин хаямаар байна. Яс яривал том амлаад байгаа генсек нь хүртэл өөрөө "хулгайч" байж мэдэх л. Түүнийг нягталмаар том багагүй бүгдийг нь намынхаа ирээдүйн төлөө жирийн гишүүдээсээ авхуулаад оройлон тэмцэж, "хяргамаар". Тэр цагт эрүүл сонгууль болно. Тэр хэрээр улс орны хөгжилд нөлөөлөхүйц өчүүхэн гэгээ гялбана...  

Д.Сүрэн

Sanuulga.mn   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)