Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Өнөөдөр Булганы төв, Сэлэнгийн өмнөд хэсэг, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно гэдгийг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.
Тодруулбал, өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, маргааш /2024.03.16/ зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. Маргааш буюу энэ 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, энэ сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи энэ сарын 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, энэ сарын 17-нд Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 19-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.