Хоригдол эмэгтэйчүүдэд айлдвар айлдаж, нярайн сүү, живх хандивлалаа
ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийн хүмүүжигч нарт гэвш лхааграмба Я.Агваанцүлтэм сэтгэл амар амгалан байхын ач тусыг өгүүлсэн айлдвар айлдаж, "Асрал" төвөөс живх, ариун цэврийн хэрэглэл, сүү хандивлажээ.
Тус хорих ангитай гэрээгээр хамтран ажилладаг "Асрал" төвийн багш гэвш лхааграмба Я.Агваанцүлтэм "Сэтгэлийг энгүүн тайван байлгаснаар хүний сэтгэл амар амгалан байж чадна. Бие эрүүл байхын үндэс нь эрүүл сэтгэлтэйтэй, тайван амгалан байх юм. Сүсэг бол хүчтэй, ямагт сайн сайхан зүйлд төвлөрч бодож залбирах нь өөрт болоод бусдад тустай" хэмээн хоригдол бүсгүйчүүдэд айлджээ.
Харин Төвийн удирдах Зөвлөлийн гишүүн Ueli Minder Щвейцариас хүн бүрд өдөр тутмын ариун цэврийн хэрэгслэл, Австрали Улсаас Н.Даваахүү живх, нярайн сүү, хүүхдийн хувцас зэргийг хандивласан байна.
Энэ үеэр"Асрал" төвийн тэргүүн Банчин Ойбүрүл ринбүчи, Удирдах Зөвлөлийн гишүүн Ueli Minder болон тус төвийн хамт олонд хүмүүжиж байгаа эмэгтэйчүүд ажлын амжилт хүсэж, чин сэтгэлийн захидал илгээжээ.
"Асрал" төв нь монголд буддын шашныг дэлгэрүүлэх зорилгоор Дээрхийн гэгээн XIV Далай ламын зарлигаар байгуулсан Гүнчав Жамбаалан шашны төв, эрүүл мэнд, боловсролыг дэмжиж ядуурлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг ТББ юм.