Форум зохиосны хэрээр улс хөгждөг ч болоосой!
Монголчууд бид хөгжье, дэвшье гэвэл нэн тэргүүнд сэтгэлгээгээ өөрчилж, мэдлэгийг чухалчилж, хөдөлмөрийг шүтэж, улс орны хувь заяаг дэнслэгчдээ зөв сонгож, хэрсүү, ухаалаг байх хэрэгтэй. 30 жил бид эвээ олохгүй мунгиналаа. Эх орноо бодох биш, “хувиа башийлгагчдын” атгаг санааг таан, таслалгүй олон оноо хөгжлийн сунгаанд сүүл мушгиж, удааллаа. Одоо ухаажих цаг нь болсон. Үр дүнгүй бүхнээс хагацаж, татгалзаж, зөв зүйтэйг дэлхээн, зөв замаар урагшлах хэрэгтэй.
Ажих нь ээ, сүүлийн үед бараг өдөр болгон шахуу л хурал хуй, формууд зохиогддог болж. Тийм ч форум, ийм ч форум. Тийн атал тэндээс ямар үр дүн гарч байгаа нь тодорхойгүй. Тэдгээр нь хэрхэн ажил хэрэг болж, ард түмний амьдрал, ахуйд “наалдаж” байгаа нь ч “харанхуй, бүрхэг”. Ярилцаж, зөвлөлдөж болно, гэхдээ яг түүн шигээ үр дүн гаргадаг бол сайн сан. Гэтэл тиймгүй.
Харин ч бүр төсвийн мөнгөөр тоглосон үйл л болж байгаа нь элбэг үзэгдэх шиг. Адаглаад л форумд оролцож байгаа хүмүүсийн сандал ширээ, идэх уухад асар их мөнгө зарцуулагдаж байгаа. Тэгээд л лед дэлгэц, техник тоног төхөөрөмжийн зардлаас авхуулаад “гарлага” их. Тэр бүгд бидний халааснаас гарч байгаа шүү дээ. Тэгээд бодоход л гол харлам.
Цаана чинь бүр элдэв форум зохиож гаршаад түүнээсээ “мөнгө унагааж”, асар их хөрөнгөжсөн масс, бүлэг этгээдүүд ч байна гэнэ. Хэвлэлүүд мэр, сэр “сөхөөд л” байгаа. Тэгэхээр ФОРУМ ЗОХИОХ гэдэг чинь бүр төгсрөөд, бизнес болтлоо “хөгжчихсөн” байна шүү дээ. Бүр дан ганц энд, тэнд зохиогдож байгаа форумуудыг түүж, сурвалжлан дамжуулдаг телевизийн суваг хүртэл нээгдчихэж, хоржоонтой л.
Ард түмний амьдрал хүнд, эдийн засгийн нөхцөл байдал савалгаатай байна. Ийм цагт төсвийн мөнгийг элдэв форум зохиож, шийдэл эрэлхийлэх нэрийдлээр үргүй цацмааргүй байна: Үнэхээр л эх орны хөгжлийг үнэмлэхүй урагшлуулах бодлогын зөв гарц гаргалгааг төгс “мэтгэмээр” байгаа юм бол сонголтоо л зөв хий. Эрх баригчдаа зөв сонго. Тэр л чухал, тэрнээс биш элдэв форум зохиож, энд тэнд багшралдан “тансаглаж, хэн нь ухаантайгаа үзэх гэж өрсөн “цэцэрхэлдэх” нь зөв үйл лав биш л...
Д.Сүрэн
Sanuulga.mn