Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

АВАРГА сайдаас ч хариуцлага нэхье

АВАРГА сайдаас ч хариуцлага нэхье

Боксын холбооны “архичин” генсек утас шөрмөсөө авахгүй, ууж идэн наргиж явсаар тамирчдынхаа мэдүүлгийг хоцроосноос болж, хүний нутагт хоёр сар гаруйн хугацаанд хүндхэн бэлтгэл хийж, хөлс хүчээ гамгүй урсгасан хөөрхий хэдэн тамирчид маань Олимпын эрхийн чухал тэмцээнийг үзэгчдийн суудлаас тольдоход хүрэв. Хүн төрөлхтний их цэнгэлээс Монгол тамирчид багаараа мултрах хүндхэн нөхцөл ч үүслээ.  

Ууж иддэг улаан хоолойгоо захирч чаддаггүй, урагшгүй мяндагтны гоомой үйлдлээс болж, дөрвөн жил шаргуу хөдөлмөрлөсөн дөчөөд хүний зүтгэл талаар боллоо. Бүхэл бүтэн бөмбөрцгийн наадмын алтан рингэн дээр, Монгол нударгатнуудын алдар дуулдахгүй, Монгол төрийн далбаа намирахгүй бол гутамшиг.

Боксын холбоо бүтэх, бүтэхгүйн үүр болж, бантан жонхуутайгаа хутгалдаад удсан. Болгоё гэвэл болох холбоо. Дэлхийд нэрээ дуурсгахуйц чадалтай тамирчид олон бийг дэмжээд, тэтгээд, дэмнээд өгвөл үнэмлэхүй гялалзахын шандас байна. Үүнийг хөөгдөөд явсан Э.Цэндбаатар нь хөрстөд тунхаглалаа.

Олимпизмын гэх бөхчин сайд бий. Одоо болж байгаа үйл явдал түүнд ч гэсэн хамаатайн тул хариуцлага мөн нэхэгдэх учиртай. Хүчтэй бөх байсан шигээ хүчтэй улстөрч биш хэр нь улстөрийн дэвжээнээ шал арчин зодоглосоор. Дараагийн дөрвөн жилд ч нахих санаа агуулж, найраа хор базаж явааг нь хэвлэлүүд мөн онцлоод л байгаа.

Сайд сэтэр зүүсэн юм бол сайтар зүтгэл гаргаж, спортын хэдэн холбоодынхоо аргыг ядаж олоод, Олимпод хэдэн тамирчдаа үнэмлэхүй амжилттайгаар өрсөлдүүлчихвэл, хорийн хорин жил хий суудал элээсний хэрэг нь өчүүхэн гарах биз. Тэрнээс цааш ч дэмий биз ээ. Улстөр танаар дутахгүй, ногоон дэвжээгээ орхисон шигээ саарал ордноос ч савраа тат. Тэр нь тандаа өлзий.

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)