Л.Оюун-Эрдэнэ: УИХ дээр гацсан Авлигын шүүхийг батлуулахад сайд нар нэгдмэл байх хэрэгтэй
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 1998 оны аравдугаар сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгохоор шийджээ. С.Зориг амиа алдсаны маргаашийн хуралдааны тэмдэглэл гэсэн үг л дээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн нэлээд анхаарал татсан үйл явдал байв. Гэхдээ тус тэмдэглэл одоогоор ил гарч ирээгүй байна. Эх сурвалжуудын мэдээллээр, тус тэмдэглэлд тухайн үеийн улс төрд юу өрнөж байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий. Тэр талаарх материалууд дагаж ил болж буй хэрэг. Энэ цаашаа нэлээд хөвөрч, сунжрах улс төрийн тусдаа асуудал юм.
Тэгвэл тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ер нь Авлигын шүүх манай улсад зайлшгүй хэрэгтэй. УИХ дээр гацаад байгаа хуулийг батлуулах талд Засгийн газрын гишүүд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй” гэсэн байна. Тэрбээр энэ талаар Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаан дээр бас хэлжээ. Өөрөөр хэлбэл, хоёр ч хуралдаан дамнуулан сайд нартаа сануулж байгаа юм байна.
Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний хуралдааны үеэр “Авлигын шүүхийг УИХ-д өргөн барьсны маргаашаас эхлээд л нийгмийн анхаарлыг өөр тийш татах хэд хэдэн үйл ажиллагаа явагдсан. Маш танил технологи явсан. Нөгөө л “үхсэн муур” технологи байсан. Тэрийгээ их ч сайн хийх юм. Гэхдээ энэ авлигын шүүх дээр “үхсэн муур” технологио дахин хэрэглэж чадахгүй л болов уу даа” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Авлигын шүүх байгуулах асуудлаа батлуулахаар зүтгүүлсээр байх бололтой.
Түүний тухайд 2023 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын чуулган дээр “Засгийн газраас өнөөдөр авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьж байна. Энэ хууль хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх нийгмийн мэтгэлцээний эхлэл байгаасай хэмээн хүсэж байна. Энэ мэтгэлцээн гэм бурууг шүүх биш, харин шүүх байгууллагыг институтийн хувьд төгөлдөржүүлэн бэхжүүлэхэд чиглэгдвэл хүний эрх, авлигын тэмцэл зэрэг олон асуудалд чухал билээ.
2021 оны зургадугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Авлигын эсрэг тунхаглал гаргасан байдаг. Тус тунхаглалаар мөнгө завших, мөнгө угаах, шударга ёсыг тогтооход саад учруулах тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцох амлалтаа хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомж, дүрэм журамдаа өөрчлөлт оруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нэмэлт арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан билээ.
Мөн системийн авлига, хил дамнасан мөнгө угаалт зэрэг гэмт хэрэгт олон улсын байгууллагууд цогц байдлаар хамтран ажиллах, мөрдөн шалгах, хууль сахиулах, шүүн таслах бүх түвшний байгууллагын мэргэшсэн байдлыг сайжруулах асуудлыг хөндөн хэлэлцсэн байдаг. Улс орон бүрийн эдийн засгийн бүтэц, түүнээс улбаалсан авлигын асуудал өөр өөрийн онцлогтой бөгөөд мэргэшсэн бүтэц, чадварлаг хүний нөөцийг шаарддаг. Хар тамхи дагасан авлигын сүлжээ зарим газар эрхзүйт төрөөсөө хүчтэй болж, дотооддоо хэрэг шийдвэрлэх боломжгүй болж, олон улсын эрхзүйн түвшинд өөр улсад хэрэгтэн шилжүүлсэн тохиолдлууд ч олон бий. Зэвсэглэл тойрсон лобби бүлгүүд, үндэстэн дамнасан улс төрчдийн бүлэглэлүүдийн өмнө олон улсын байгууллагууд тэр чигтээ хүч дутаж байсан ч түүх бий.
Авлига гэдэг өөрөө хамгийн эрх мэдэлтэй, хамгийн нөлөө бүхий бүтцийг тойрч ургадаг ургамал. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай, нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдардаг. Энэ нь манай авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн гэсэн үг. Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид маань хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй ээ. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай.
Тийм ч учраас Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна” гэж байсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 42 (7286)