Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Дэлхийн хамгийн өсөлттэй эдийн засагтай улсаар Монголыг нэрлэлээ

Дэлхийн хамгийн өсөлттэй эдийн засагтай улсаар Монголыг нэрлэлээ

Эдийн засгийн өсөлт хасах хувь руу унасан гурван жилийн тэртээхээс долоон хувийн өсөлтөд хүрсэн үзүүлэлтээр 2023 оныг бид үдсэн. Тэгвэл энэ үзүүлэлтээр манай улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай 20 улсын нэгээр нэрлэгдэж, хоёрдугаар байрт жагслаа. Энэ тухай “Блүүмберг” агентлаг мэдээлснийг эшлэв.

Дэлхийн 62 улсаас:

  1. Энэтхэг Улс 7.2 хувь өсөлт
  2. Монгол Улс 7.0 хувь өсөлт
  3. Армен Улс 7.0 хувь өсөлт
  4.  Гүрж Улс 6.2 хувьд өсөлтөд хүрчээ.

Дэлхийн хамгийн өсөлттэй эдийн засагтай улсаар Монголыг нэрлэлээ

Цар тахлын сүүдэр арилаагүй адармаатай цаг хугацаатай тулсан ч эдийн засаг ийнхүү өссөн нь өнгөрсөн жилүүдэд өрнүүлэн хэрэгжүүлсэн бодлого, төлөвлөлтийн үр дүн яалт ч үгүй мөн. Цаг хугацааг ухрааж харъя.

2021 оны эхэнд эдийн засгийн өсөлт -4.6 хувь, өрхийн бодит орлого -6.2 хувь, төсвийн алдагдал 4.4 их наядад хүрч байв. Энэ хугацаанд цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, татварын болон ниймгийн хамгааллын багц арга хэмжээ хэрэгжүүлснээр тус оны төгсгөлд хасах үзүүлэлтүүд нэмэх рүү шилжиж байв.

Тэгвэл аажим өсөлттэй эдийн засагтай золгосон 2022 онд хөрш орнуудын бодлогоос үзүүлэх сөрөг нөлөөлөлтэй тэмцэх шинэ сорилт манай улсад тулгарсан. Цар тахалтай тэмцэхээр чангаруулсан Хятадын хилийн хорио цээр, Орос, Укрианы дайны нөлөөнөөс үүссэн хүнс, эрчим хүчний үнийн хөөрөгдлийг давах гарц шийдэл дутагдаж байв.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, тэр дундаа “Боомтын сэргэлт” хийсэн нь эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлснийг хэн хүнгүй хэлэх билээ.

Тодруулбал, боомтын сэргэлтийг хийснээр нүүрсний экспорт өмнөх оноос буюу 2021 оноос хоёр дахин өсөж, 31.8 сая тонн-д хүрсэн. Улмаар түлш шатахууны үнийг хөнгөлснөөр төлбөрийн тэнцэл ашигтай гарч, инфляц 3.7 хувиар саарч, эдийн засаг 5 хувиар өсөж байв.

Үүний зэрэгцээ хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжиж, орон нутагт татварын хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ нь одоо эрчимтэй ярьж буй төвлөрлийг сааруулах, бүсчилсэн хөгжилд тулгуурлах бодлогын суурь ажлууд юм.

Ингээд цар тахлыг даван туулж, хил хорио цээрийн хязгаарыг тэлж, үнийн хөөрөгдлийн эсрэг ажиллаад 2023 онтой золгоход дахин шинэ сорилт тулгарав. Энэ нь биржийн арилжаанд өрсөлдөөнт байдлаар түүхий эдээ борлуулах, эдийн засаг санхүүгийн чадамжаа бататгах явдал. Гэхдээ сорилтыг давахаар эрчимтэй ажиллаж, үр дүнд хүрсэн нь өнөөгийн эдийн засгийн өндөр өсөлтөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсаад байна.

Тухайлбал, хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, гарцыг нэмэгдүүлснээр 2023 онд нүүрсний экспорт 69.6 сая тоннд хүрч, түүхэн амжилт тогтоолоо.

Үүнээс гадна далд эдийн засгийг ил болгох хүрээнд авлига, албан тушаалын хэргүүдийг илрүүлж, нийтэд зарлаж, 5Ш ажиллагааг хэрэгжүүлснээр төсвийн орлого 1.4 их наядаар давж биелэн нийт орлого 23.4 их наядад хүрсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа эхний жил хагасыг цар тахлыг даван туулахад, хоёр дахь жилийг бүхэлд нь авлигатай тэмцэхэд зориуллаа. Далд эдийн засаг ил болсоор эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна.“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж монголчууд бид ярьдаг. Эдийн засгийн эхний үр дүнг Засгийн газар удаан хуримтлагдсан гадаад өрийг төлөхөд зарцуулсан.

2023.11.30

Авлигатай тэмцсэн орлогоор дампуурлаа зарлах хэмжээнд хүрээд байсан Хөгжлийн банкийг хөл дээр нь босгож, 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлэв. Ингээд Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2026 он хүртэл гадаад бондны өр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийг бүрдүүлсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан: 

“Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иенийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төллөө. Улмаар Засгийн газар 12 жил хуримтлагдсан “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийв. Ингэснээр олон улсад санхүүгийн сахилга батаа харуулж, гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээлээ. Гол үзүүлэлт нь энэ хугацаанд зээлжих зэрэглэлээ В “тогтвортой” түвшинд хэвээр хадгалж чадсан явдал юм.

Ийнхүү өрийн менежментийн хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг зөвхөн өрд бус өрх иргэн бүрд бодитоор хүргэх нөхцөл бүрдэж байна. Тухайлбал, ирэх дөрөвдүгээр сард цалин тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх гэж байна. Үүнд 881.4 мянган хүн хамрагдах бөгөөд шаардагдах төсөв нь 881 тэрбум төгрөгөөр тооцсон юм. Мөн байгалийн баялгийн хувь болгож “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ногдол ашгийг бүх ард түмэндээ хүртээгээд буй.

Ингээд тооцвол эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажлууд цөөнгүй бий. Ирэх онд ч эдийн засгийн өсөлтийг энэ оны түвшинд буюу 6-7 хувьтай байхыг Азийн хөгжлийн банк болоод Дэлхийн банкнаас гаргасан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)