Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.26

Д.Оюунхорол нөхөртөө давуу эрх олгож, УТААГААР МӨНГӨ ХИЙСЭН ҮҮ?

Д.Оюунхорол нөхөртөө давуу эрх олгож, УТААГААР МӨНГӨ ХИЙСЭН ҮҮ?

Нийслэлчүүд бид эрүүл мэндээрээ хохирч, халдварт өвчнөөр өвчилж, хүүхэд багачууд ханиад томуунаас салахгүй “тарчилж”, агаарын бохирдол буурахгүй харин ч бүр нэмэгдсээр атал үүнтэй тэмцэх нэрээр улстөрчид болон тэдний гар хөл бологсод, хамаарал бүхий этгээдүүд, эхнэр нөхөр, хүү хүргэн, найз нөхөд нь "УТААГААР МӨНГӨ ХИЙЖ, ТҮМНИЙ ЗОВЛОНГООР ТОХУУРХДАГ” гэдэгт та итгэх үү?

Энэ тухай манай Сануулга.мн сайт өнгөрсөн өвөл хэд хэдэн цуврал нийтлэл бэлтгэж, "Таван толгой түлш" компанийн нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандан, мэдээлэл баримт хүргүүлсэн. Үүний дагуу АТГ зэрэг хууль хяналтын байгууллагаас ТТТ компанид шалгалт оруулж, нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн байна.

Хотын хэмжээнд түүхий нүүрс түлэхгүй, зөвхөн Таван толгой түлш компаниас үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг хэрэглэж байгаа хэдий ч Агаарын бохирдол мэдэгдэхүйц буурахгүй, харин ч улам нэмэгдэж, хоолой хорсгож, нүд аргуулсан эхүүн үнэр дэлхэж байгаа тухай иргэд ярьж байна.

Сайжруулсан түлшний чанарын тухайд авч үзвэл түүний гол түүхий эдийн нэг болох "барьцалдуулагч" чухал нөлөөтэйг хэн бүхэн гадарлах биз.

Тэгвэл улстөрчид өөрсдөө барьцалдуулагчийн үйлдвэр байгуулж, түүнийгээ ТТТ компанид нийлүүлж, хэдэн арван тэрбум төгрөгийг “завшин”, урт удаан хугацаанд “дураараа дургиж” ирсэн тухай мэдээллийг бид та бүхэнд хүргэж байна.

Илүү тодруулбал, Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол сайдаар ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан байж болзошгүй тухай асуудлыг бид хөндөж байна.

Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд асан, хожим нь Ерөнхий сайдын зөвлөх, Хөшгийн хөндийн захиргааны даргаар ажиллаж байсан Д.Оюунхоролын нөхөр Гүндэгмаагийн Жаргалсайхан гэгч нь сайжруулсан түлшний үйлдвэрт нийлүүлдэг барьцалдуулагчийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ ТТТ-д "шахжээ".

2017 оны 03 сард "Гараааны баргил тех" гэх компанийг гадаад худалдаа, барилгын материалын худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан байгуулж байжээ. Мен Г.Жаргалсайхан өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Баргил тех" ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгээ ч “ил тод” дурдсан байна.

Бүр гүнзгий ухвал 2021 онд Д.Оюунхоролын нөхрийн эзэмшлийн "Баргил тех" ХХК нь Баруун бүсийн үйлдвэрт 2.14 тэрбум төгрөгийн барьцалдуулагч нийлүүлсэн баримт байна.

Мөн одоо ч гэсэн энэ компани барьцалдуулагч үргэлжлүүлэн нийлүүлж байгаа.

Агаарын бохирдол нийслэлчүүдийн толгойны өвчин болсон. Аргыг нь олох гэж хаа хаанаа л идэвхийлж, гарц, шийдэл эрэлхийлж байгаа. Гэтэл улстөрчид, улстөрд өндөр албан тушаал эрхэлж байсан хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд ийн түмний зовлон дээр зоолж байх. Зүйд нийцэмгүй л.

Шахмал түлш нууцад хамрагдсан тул баримт, нотолгоо олоход хүндрэлтэй боловч бид энэ талаар тусгайлсан сурвалжилга, нийтлэлүүдийг цувралаар бэлтгэн хүргэх болно.

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)