Шуурхай бүлгийн гишүүд дөрвөн суманд Ланд-78 машин өгөхөөр боллоо
Улс орон даяар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын зудын эрсдэлийг бууруулах шуурхай бүлэг орон нутгуудад ажиллаж эхэлсэн.
Онцолбол, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан, УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан нар Завхан аймагт ажиллаж байна.
Улсын Онцгой комиссоос тус аймгийн ихэнх сумдын захиргаа болон эрүүл мэндийн төвүүд машин техникийн дутагдалтай байгааг харгалзан, эхний ээлжинд Дөрвөлжин, Отгон, Их-Уул, Тэс сумдад туулах чадвар сайтай Ланд-78 машиныг олгохоор шийдвэрлэжээ.