Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

С.Амарсайхан: Малчдын зээлийг зургадугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар банкуудтай зөвшилцсөн

С.Амарсайхан: Малчдын зээлийг зургадугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар банкуудтай зөвшилцсөн

Монгол Улсын Шадар сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, энэ үеэрээ банкуудтай зөвшилцөлд хүрч малчдын зээлийг ирэх зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулахаар болсон гэдгийг мэдэгдлээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Малчдын хувьд анхаарал хандуулаач гэсэн олон хүсэлтүүдийн нэг нь зээлийн, тусламжтай холбоотой асуудал байна. Улсын хэмжээнд байгаа 190 гаруй мянган малчдаас 141 мянган малчин Хаан болон Төрийн банкинд нийт 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байна.

Зээлийн дундаж хүү 21 хувь, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна. Малчид зээлээ аваад үр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, түлээ түлш, өвс, тэжээл, хашаа саравчинд зарцуулдаг. Гэтэл малаа барьцаалаад зээл авчихсан тул зээлээ төлөхөд хүндрэл үүсэж байна. Тиймээс зээлийн төлөлтийг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна. Би хөдөө орон нутагт ажиллаж буцаж ирээд Монголбанкны удирдлагууд, Төрийн банк, Хаан банкны удирдлагуудтай уулзаж зээлийн эргэн төлөлтийг зургадугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар зөвшилцсөн. Малчид зээлээ хойшлуулахдаа тухайн орон нутгийнхаа банкны салбарт очиж болон цахимаар хандаж хойшлуулах боломжтой.

Өнөөдрийн байдлаар 141 мянган зээлдэгч буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийн 52 хувийг/685 тэрбум төгрөг/ Төрийн банкнаас олгосон байна. Үлдсэн 48 хувийг Хаан банк олгосон. Үүнд Засгийн газар цаашид анхаарч, тодорхой шат шатны арга хэмжээг авч ажиллана гэж төлөвлөж байгаа гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)