ЗУД хурдан арилах болтугай
Хөдөөгүүр нөхцөл байдал хүнд байна. Хэдэн малчид маань байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө арга мухардаж, байдгаа барж байна. Байгаль ижийг сөрөх хүч гэж үгүй. Байгалийн араншингаас төгс мултрах арга ч гэж үгүй.
Гэтэл паартай байшин, паалантай нойлд тарвалзаж суугсад нь малчид руугаа мөнхийн нулимаастай. Арчаагүй новшнууд, хохинээ, Заяа нь тэр, шуналынх нь гор гарч байгаа юм гэхчлэнгээр тавтиргүйтэх. Соёл номлогсод нь өөрсдөө соёлгүйтэх.
Хэд хоног л малчдаа мэрж, нийгмээрээ талцлаа. Зуд турхан яах вэ арилна. Тунх цаг ирнэ. Малчид тэнхэрнэ. Харин Монголчууд биднийг сүүлийн 30 жил тарчлааж байгаа авлигын зуд хэзээ арилах вэ?
30 жил бид зудын гамшигт элгээрээ мөлхлөө. Гэхдээ монголчууд үүнийгээ ухаарахгүй, эсвэл аль эрт дасан зохицчихсон юм уу, цаг зуурын асуудалд санаа зовинон, шүлсээ үсчүүлж, шүүрс алдаж, шүүмжлэл хэлхсээр өдийг хүрлээ.
Авлигын зуданд монгол туйлдсан. Дөчин их наядаар нь түмнээ тонодог, хөл дүүжлэх унааг нь хүртэл дээрэмддэг, ардынхаа зовлон дээр зоолдог эрх мэдэлтнүүд, улс төрчидтэй улс манайхаас өөр байна уу?
Малчдаа мэрж, шүүмжилж, шүүж байгаа шигээ авлигачдаа бид хэзээ шүүх вэ? НҮҮРСчдээ, ЖДҮчдээ, АВТОБУСчдаа, албан тушаалаа урвуулан даврагсдаа хэзээ эмхлэх вэ? Тэр л чухал байна.
Тэгтлээ доромжлуулаад байгаа малчид чинь харин авлигачдын хажууд хөдөлмөрлөж, хөрөнгө босгож, хөдөө нутагтаа эзэн нь болж, ариун шударгаар амьдарч байгаа шүү. Зуд хурдан арилах болтугай. Авлигынх ч тэр аа мөн байгалийнх ч бас...
Д.Сүрэн
Sanuulga.mn