Малчид л гагц хөдөлмөрлөдөг, зүдэрдэг юм биш!
Хөдөөгүүр нөхцөл байдал хүнд байна. Малчид үгээ хэлэн, аргаа барж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө өвдөг сөхөрч байна. Малын тоо толгой ч үнэмлэхүй хэмжээгээр хорогдов. Цас их, хүйтний эрч чанга. Маш бэрхийг малчид туулж байна, түүнийг нь ч тунх суугсад цугаар харж, туслах нь туслан, шүүмжлэх нь шүүмжилж байна. Төр засгийн зүгээс ч тусламжийн гараа сунгалаа. Мал, малчид бол Монголын баялаг, үнэт зүйл гээд Ерөнхий сайд өөрөө оройлон хатууг сөрөхөөр идэвхийлэв.
Ядарсан цагт нь малчдаа дэмнэх нь туйлын зөв. Аа гэхдээ өнөөдрөөс арай өөр асуудал яригдаж, өөр өнцөг сөхөгдөөд эхэллээ. Малчдын зээлийг тэглэх гэнэ. Тийн санаачлага өндрийг авч, төрийн түшээдээсээ авхуулаад олонхоороо дэмжиж байх шиг.
Малчдын олонх нь малаа барьцаалаад зээл авчихсан байгаа. Гэхдээ цагийн хатуугаас шалтгаалаад зээлээ хугацаанд нь төлж дөнгөхөөргүй нөхцөл байдал үүсч буй нь гарцаагүй болов. Тэглээ гээд тэдний зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр тэглэнэ гээд зүтгэх нь хэр зөв л алхам бол...
Уг нь сайхан цаг иртэл малчдын зээлийн хүүг тодорхой хугацаагаар царцааж болох. Гэвч тийн гаргалгааг чухалчлах хэсэг ховор байна. Шууд л ТЭГЛЭНЭ гээд шуургалцгааж байх.
Үнэхээр малчдын зээлийг тэглэхдээ тулвал тэр, энэ гэж ялгалгүй бүгдэд нь л эрх тэгш хандах учиртай биз. Мал малладаггүй хэд нь ч амьдрах гээд л зүтгэж байгаа. Өр, зээлтэй л байгаа. Тэднийг ч бас харж үзэх учиртай биш үү...
Малчид л хөдөлмөрлөдөг, зүдэрдэг, бусад нь зүдэрдэггүй юм биш. Бүгд л энэ нийгэмд байр сууриа олчих гээд хөлсөө урсгаж байгаа шүү дээ.
Сайтар ухаад бодвол малчдын зээлийг төрөөс тэглэх нь арилжааны банкуудад л ашигтай. Зээлдэгчдийнх нь “барьцаа” хорогдчихсон, зээлээ хугацаанд нь төлж чадахааргүй нөхцөл байдал үүсч мэдэх учир “төрийн мутраар могой бариулах нь” өлзийтэй хэрэг болно. Тиймдээ ч аоилжааны банкуудын эзэд малчдын зээлийг тэглэх санаачилгыг далдуур ихээхэн дэмжиж байгаа гэх “бор шувуу ч нисэж” байна.
Тэгээд ч банкууд цаанаа давхар даатгалтай. Түүнийгээ ил, цагаан рекламдаад л, итгэл амлаад л байдаг. Тэгэхээр тэрхүү даатгалаар малчдын хохирлыг барагдуулах ёстой. Төр болоод малчдын аль аль нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн горыг эдлэх ёсгүй гэсэн үг.
Иймийн тул малчдын зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж яасан ч болохгүй. Түүнээс өөр гарц, өрөвдөж, хайрлахуйн өөр хэлбэр эрэлхийлсэн нь дээр биз ээ олон түмээн, эрх мэдэлтнүүд ээ...
Д.Сүрэн
Sanuulga.mn