Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Г.Занданшатар: Гаднын иргэдэд газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хуулийн заалтыг хүчингүй болгоно

Г.Занданшатар: Гаднын иргэдэд газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хуулийн заалтыг хүчингүй болгоно

УИХ-ын дарга Г.Занданшатар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсын иргэн Номуун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100,157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг заавал хэлэлцэх хуультай.

Иргэн Номуун-Эрдэнийн саналын дагуу газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэн дэмжсэн. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангалаа. Үүнтэй холбоотойгоор Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу газрын ашиглалт, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах шаардлагатай.

Хөдөөд 0.35, нийслэлд 0.07 га газрыг эзэмшүүлэх хууль хэрэгжсэн ч манай зарим иргэн газраа авч чадахгүй байхад яагаад гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулдаг юм бэ гэдгийг орон нутагт явж байхад иргэд хэлж байна.  Танил талтай, эрх мэдэлтэй нь газар авдаг үзэгдэл гаарлаа. Газрын хуулийн хэрэгжилт ил тод бус байна. Ийм учраас Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, газрын болон ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ын төлбөрийн тооллогод хяналт шалгалт хийх Түр хороо байгуулж, нээлттэй сонсголоор хэлэлцэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хороодын дарга нар, Засгийн газрын холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Өөрөөр хэлбэл, тусгайлсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж байна. Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай хууль батлагдах ёсгүй гэж үзэж, хаалт хийх хуулийн төслийг боловсруулан батлуулна.

Мөн 2013 оны Засгийн газрын үед баталсан Хөрөнгө оруулалтын хуулийн уг заалтыг хүчингүй болгох нь зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр энэ заалт Газрын тухай хууль хэрэгжээгүй ч цаашдаа энэ байдлаар гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах эрсдэлтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга энэ асуудал дээр нэг байр суурьтай байгаа.

Хяналт шалгалтын Ажлын хэсэгт Эдийн засгийн байнгын хороон дарга Ц.Цэрэнпунцаг, Ёсзүйн сахилга хариуцлагын байнгын хороон дарга Б.Баттөмөр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга Б.Энх-Амгалан, Инновац, цахим бодлогын байнгын хороон дарга Э.Батшугар, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон Хууль зүйн сайд Б.Энхбаяр орсон бөгөөд хууль хяналтын байгууллагуудаас мэдээлэл авна. Ажлын дэд хэсгийг хууль, шалгалтын байгууллагууд эрдэмтэн, судлаач, шинжээч, ТББ-уудтай хамтран байгуулж гуравдугаар сарын 15-н хүртэл бэлтгэл хангахыг үүрэг болгосон.

Газар олголт ил тод биш байна. Зарим нь маш олон газар эзэмшиж байхад зарим нь 0.07 газраа ч авч чадахгүй байна. Тиймээс Газрын хуулийн төслийг боловсруулахдаа иргэн бүрд газар эзэмшүүлэх, нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжиж байгаа иргэдэд атар газар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх чиглэл өгсөн. Хууль зөрчигдөж олгогдсон газруудыг ашиглах, эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох эрх байгаа. Энэ нь Хянан шалгалтын түр хорооны нээлттэй сонсголын явцад ил тод болно" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)