Шагнал гардуулах, уулзалт хурал зохиох нэрийдлээр сонгуулийн сурталчилгаа хийсээр л байх уу?
Сонгууль айсуй. Сонгогдохыг эрмэлзэгчдийн хөлд “хий орж”, хот, хөдөөгүүр завсаргүй л “гүйгээстэй” үзэгдэх. Одон медаль гардуулах нь гардуулж, онц, сайн малчдын алдрыг хүртээх нь хүртээж, түмэн завгүй л хүмүүс байцгаах. Мундаг сайны дүр бүтээх, имидж бүрдүүлэх. Түүнийгээ сошиалаар ихээхэн сэвж байна. Тэр нь ч таалагдахдаа таалагдаж, аа мөн шүүмжлүүлэх нэгэнд ч шүүмжлүүлж л байна.
Уг нь хууль, номоороо бол нэр дэвшигчид сонгуулиас сарын өмнө л сурталчилгааны ажлаа эхлэх учиртай. Гэтэл тэр жаяг мөрдөгдөхгүй нь бололтой. Манай улстөрчид одооноос л “нүхээ малтаад” эхэлж. “Улаан цайм” биш ч гэсэн бэлэг сэлт гардуулах, энд тэнд уулзалт, хурал зохиох гэх мэтийн “хурган” үйлээр өөрсдийгөө рекламдаж, тойргийнхноо тойглосоор л.
Бэлтэй, эрх мэдэлтэй хэд нь эртнээс ингээд түмний тархийг угаагаад эхлэхээр залууст боломж олдох нь юу л бол гэж халаглах хэсэг байна, ортой л. Чухамдаа бүгд л нэг гараанаас эхэлж, нэгэн мөчлөгөөс сурталчилгааны ажлаа эхэлбэл шударгын утга хангагдах сан. Гэвч тийм “хайр алга”. Мөнгөтэй нь дийлдэг болсон нийгэмд “мөнгөтэй улстөрчид л” цойлж, гялалзаж, товойж байна.
Гэхдээ ард түмэн хэрсүү болсон. Өнгөнд хууртаж биш үзэл бодлоо дагаж, сонголтоо хийдэг цаг ирсэн. Тэгж найдаж, итгэж байна. Бид өнгөрсөн дөрөв, найман жилийн агуулгаар эрх баригчид, улстөрчдийг хэдийнээ дүгнээд, харчихсан, дүнгээ тавьчихсан. Хэн нь илүү попорч, эрх мэдэлдээ дулдуйдаж, мөн шударга сайны дүр эсгээд “баарсныг” ч тод үнэлчихсэн. Тийм учир сонголтоо ч мэргэн хийх биз.
Их сунгаа айсуй. Эрх, мэдэл хөрөнгөтнүүдийн түмнээ “молигодох” гэсэн их “тулаан, сөргөөн” айсуй...
Д.Сүрэн
Sanuulga.mn