МАН-ынхан улны маниустаа 40 их наядын НӨАТ-ыг нь уншуулчихгүй л байх даа
Өдрийн сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан улны маниустаа 40 их наядын НӨАТ-ыг нь уншуулчихгүй л байх даа” гэх нийтлэл гарчээ.
Уг нийтлэлийн онцлох хэсгийг та бүхэнд хүргэе.
...Нүүрсний хулгайн хэрэг нийгэмд дахин сөхөгдлөө. Дөрөв, таван их наядаар хэмжигдэж байснаа сүүлдээ бүр 40 их наяд болж арай ч үгүй байлгүй дээ гэж бодоход хүргэлээ. УИХ-аас Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий түр хороо байгуулсан.
Уг түр хорооны гишүүн Б.Баттөмөр "3.0 сая тонн нүүрс, нүүрсний тээвэр дагасан 1.5 тэрбум долларын луйврын асуудал яригдаж байна. Энэ бол маш том хулгай. Монголд төр засаг хууль хяналтынхан байна уу гэж эргэлзэхэд хүрч байна" хэмээн мэдэгдсэн. Үнэхээр Б.Баттөмөр гишүүний хэлж буйгаар нүүрсний 40 их наядын хулгай бол арай хэтэрсэн, хэн бүхний санаанд багтахааргүй хулгай.
Бид чинь Сараа сайдын "буянаар" улныхан гэдгээ мэдэж авсан билээ. МАН-ынхан улны маниустаа нүүрсний хулгайнхаа 40 их наядын НӨАТ-ыг уншуулчихад л бид тожигноод онд орчих юм шиг санагдаад байх юм.
Муусайн угжны хургаа малчид өвдөл цөвдөл, аар саархан юмаар тэжээсээр байгаад өнөөх нь зайлуул хэрдээ хөөрхөн гэгч сүүллээд тожигноод онд орчихдог доо. Хаврын тэргүүн сартай ажиг ч үгүй золгосон хургаа хараад малчид "Манай энэ муу ямар ч байсан тожигноод онд орчихлоо шүү” гэдэг. Түүн шиг эрх баригч МАН-ынхан хулгайн нүүрснийхээ 10 хувь буюу НӨАТ-ыг уншуулахад л ард түмэн бид чинь асуудалгүй онд орчихно. 40 их наядын 10 хувь гэдэг дөрвөн их наяд. Эдийн засаг хэцүүдсэн, мөнгөний ханш унасан, юм ховордож байгаа энэ хүнд бэрх цагт ядарсан ард түмэнд их мөнгө. Харин энэ мөнгө бол газрын баялагаа ганц нэгээрээ цөлмөж, улсаа тоносон эрх баригчдад ерөөсөө НӨАТ уншуулах төдий л зүйл. Тиймээс МАН-ын мундаг дарга нар хулгайлсан нүүрсний 40 их наядынхаа НӨАТ-ыг нь уншуулчихгүй байгаа гэж горьдож суугаа минь энэ.