Ардын нам урьдын жишгээ дагаж амлалтаасаа буцах вий дээ
Ардын нам үнэхээр “ардын” болох гэж ард лзмэнд хандан амлалт өгч, бүтэх бүтэхгүй зүйл ярьж, “бүлтэрсээр” ирсэн ч амлалт нь ажил биш сенсааци болоод л өнгөрдөг. Олон нийтийн ой санамж муурынх шиг богино болсон гэдэгт найдаад байх шиг байна л даа.
Гэхдээ өст хүн өлийн даваан дээр гэдэгчлэн дөрвөн жилийн өмнө эрх баригч МАН-ын юу амлаж гарч ирснийг сонгогчид санаж сэрж л байгаа байх. Сонгууль хаяанд ирлээ. Энэ мөчид “тооцоо бодох” гэхдээ яах аргагүй өмнөх амлалтыг өнөөгийн байдалтай нь харьцуулж харна. Нийгмийн ой санамжийн охор богинод найдаж амлалтаа мартах нь эрх баригч намын хувьд “амиа хорлож” байгаагаас өөрцгүй хэрэг.
МАН өргөс шиг зүйлээр олон нийтийн тархи толгойг байсгээд шивдэг. Цочрол өгч, “амьд” байгаагаа мэдрүүлж, намаа рекламдаж байгаа нь тэр. Энэ нь зөвхөн бодол, сэрэл төдий болохоор бодлого болж биежээд хэрэгжинэ гэж байхгүй.
Хэдхэн сарын өмнө МАН шиг нээлттэй улс төрийн хүчин байхгүй, тус намаас хэн ч нэр дэвшиж болно гэсэн үзэл суртлыг нийгэм рүү харвасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг УИХ-д оруулж ирнэ гэсэн. Манай нам хийхгүй юм бол өөр хэн хийх юм бэ гэж тэд хэлсэн.
Ингэсний буруу гэж байхгүй л дээ. Гэхдээ ойрын эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын энэ амлалт дашийн шог болж байгаа бололтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төр засгийн бодлогыг тодорхойлоход оролцож, ирэх сонгуулийн дараа “элитүүдтэй” нэг ангид сууж магадгүй гэсэн хүлээлт, итгэл олон нийтийн дунд бий болсон. Энэ амлалт хэрэгжсэн бол нийгмийн олон давхаргаас УИХ-ыг бүрдүүлэх анхны шанг татах байв. Ингэж УИХ “бага ард түмэн” болох хандлага руу явах байлаа.
Увайгүй, зальжин улс төрчдөөс уйдсан олон нийт цаашлаад салбар салбарын шилдэг төлөөлөл, мэргэшсэн мэддэг чадвартай хүмүүсийг жагсаалтаар оруулж ирэх байх гэж горьдож байсан. Энэ бүхэн талаар болох нь ээ.
Нөгөө л авлигач, хулгайч нар нь хүч түрсэн бололтой. УИХ-ын мандатын төлөөх битүү хийрхэл нь улаан түймэр болж асахдаа тулжээ. Тэд ямар “онол” дэвшүүлсэн нь тодорхой...
Ингээд л хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд УИХ-д нэр дэвших боломж олгоно гэсэн МАН-ын амлалт гараан дээрээ авлигачдад “алагдаж” буй бололтой.
Дөрвөн жилийн өмнөх амлалтын хоосон зай, МАН-ын өдөр тутмын үйл ажиллагаа, тактик стратегийн гажиг нь тус намыг ялагдалд хөтөлж байна. Нэр дэвшүүлэх үеэр МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл дээр эрх мэдлийн төлөөх ширүүн тулаан болно.
Магадгүй жагсаалтаар эмэгтэй нэр дэвшигчийг ээлжлүүлэх, 30 хувийн квотыг эмэгтэйчүүдэд гэсэн амлалт нь ч энэ үеэр тэсч үлдэхэд хэцүү болох вий.
Хүүхдийг чихрээр хуурахтай адил ард иргэдийг амлалтаар хуурч, амлалтаасаа газар дээрээ эргэж буцдаг нь дэндсэн МАН-ын ирээдүй бүрхэг байна. Ялангуяа Нийслэлд, орон нутагт ч МАН-тай тооцоо бодох гэж сампингаа цохьсон хөгшчүүл олон байна гэх юм.
Т.Санаа
Sanuulga.mn