Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Х.Нямбаатар: Шинэ автобусны 350 ширхгийг компаниудад лизингээр худалдана

Х.Нямбаатар: Шинэ автобусны 350 ширхгийг компаниудад лизингээр худалдана

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засга дарга Тамгын газраас оруулсан найман журмыг хэлэлцэж батална. Үүнд, Улаанбаатар хотод шинээр автомашины улсын дугаар олгохыг хязгаарлах, Нийслэл нийтийн тээврийг хөгжүүлэх сантай болох тухай зохицуулалтыг хэлэлцэж шийдвэр гаргана. 

Хэлэлцэж буй асуудлын талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "НИТХ-аар хэлэлцэх гэж журмууд өнөөдөр үүсээд буй бэрхшээлийг ирээдүйд даамжруулахгүй шийдэх ач холбогдолтой. Тухайлбал, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журам байна. Энэ журмыг батлуулснаар шинээр оруулж ирсэн саарал автобусны 350 ширхгийг компаниудад долоон жилийн хугацаагаар лизингээр өгнө, холбогдох гэрээ хэлэлцээрийг хийж байна. Үүнээсээ жил бүр 25 тэрбум төгрөг төвлөрүүлж автобусаа засдаг, шинийг худалдан авдаг болох юм. Татвар төлөгчдийн хөрөнгөөр автобус аваад, үр ашиггүй хэрэглэж, дахиад татвар төлөгчдийн мөнгөөр шинийг авдаг байж болохгүй" гэлээ.

Мөн тэрээр Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хязгаарлахаас өөр аргагүй болсныг мэдэгдэв.

Тэрээр "Улаанбаатар хотын авто зам дээр 85 мянган машин явахаар төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр 750 мянган машин явж, даац хэд дахин хэтэрсэн байна. Түгжрэлийн гол шалтгаан импортын автомашины замбараагүй хэрэглээ юм. Жилд Улаанбаатарт 50 мянган импортын машин орж ирж байна. Ингэж явсаар 2025 онд нэг сая машин хөдөлгөөнд оролцож тэг бүрэн зогсолт хийхээр. Тэгэхээр нийтийн эрх ашгийн төлөө нийслэл хотод олгох авто тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоож, шийдвэрүүд гаргах ёстой" гэсэн юм.

НИТХ-ын хуралдаанаар:

-Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам

-Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам

-Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай

-Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай

-Амьтны хүрээлэн ажиллуулах журам

-Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)