Увсчуудын эрх ашгийг дээдэлж, эргэлзээ тээнэгэлзлийг арилгах учиртай
ИТХ-ын дарга Ц.Батболдын шаардлага
Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлээд, тэр нь олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.
Тэрбээр, юуны өмнө “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нь өнгөрсөн хугацаанд Увс аймгийн ард иргэдийг хотон, дөрвөд, баяд ястнаар нь хагаралдуулах ажлыг хийж ирсэн. Энэ тухай 2019 оны 11 -р сард миний бие ҮАБЗ-д шалгуулахаар гомдол гаргасан, гэвч шалгалт хийгдээгүй” хэмээн шаардлагадаа дурджээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол үнэхээр л улсын эв нэгдлийн утга учрыг сахин хамгаалах учиртай байгууллага. Орон нутгийн,Увс аймгийн засаглалыг барих дээд байгууллагын дарга Ц.Батболд удаа дараа энэ асуудлыг тавьсаар атал хэлэлцэж, шалгалт хийдэггүй нь иргэнийхээ, цаашилбал улсынхаа нэг аймгийн эрх мэдэлтний үндэсний аюулгүй байдлын үүднээс гаргасан санал санаачлага, зүйтэй алхмыг илтэд огоордоггүй дүр зураг харагдаж байна.
Ч.Хүрэлбаатар үнэхээр л тэгж хотон, баяд, дөрвөдээр нь хагардуулдаг бол байж болшгүй үзэгдэл л дээ. Ер нь бол УВС аймаг засаглалын хямралд орж, Ардчилсан нам, бие даагчид хавсарсан улс төрийн сонин бүтэц үзэгдлээр аймгаа удирдан явуулж байгаа нь Ч.Хүрэлбаатар нарын гишүүдийн үйл ойлголцол, улс төрийн эрх мэдлийн төлөөх дайсагнал, шалгарлаас үүдэлтэй болохыг Увсын ард түмэн, монголчууд тов тодорхой мэддэг болсон.
Ц.Батболд мөн шаардлагадаа Ч.Хүрэлбаатарыг хөрөнгө оруулалтын хуулийг гадныханд ашигтайгаар батлуулахыг улайрч байгаа, Т.Доржхандтай хамтран нэр бүхий сэтгүүлчээр нүүрсний хулгайн 44 их наядын хулгай байна, хулгайг ҮАБЗ рүү чиглүүлсэн дайралт хийлгэсэн, цахим орчинд маш олон тролл ажиллуулж ард түмний тархийг угааж байна хэмээх зэрэг үндэслэлүүдээр буруутгасан байна.
Тэгээд, УИХ-ын гишүүний авлига, ашиг сонирхлоос ангид байх тэргүүт заалттай тангаргыг зөрчсөн эсэх, үндэсний эв нэгдлийг хангах тэргүүт заалттай Үндсэн хуулийг зөрчсөн эсэх, хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэсэн Үндсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн эсэх зэргийг тогтоон дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн байгаа юм.
Увс аймгийн Иргэдийн хурлын дарга Ц.Батболдын удаа дараагийн эдгээр хүсэлт шаардлагад холбогдох байгууллагууд удахгүй хариу өгөх биз ээ. Энэ нь Увсчуудын эрх ашгийг дээдэлж, эргэлзээ тээнэгэлзлийг арилгах учиртай аж. Удахгүй сонгууль болох гэж байна. Ц.Батболдын энэ хүсэл шаардлагыг нэг мөр болгох нь цагаа олсон үйлдэл болох.
Т.ГАРЬД