Л.Оюун-Эрдэнэ жалга дов, нам эвслийн улс төржилтийн ханыг давж улс орны хөгжилд илүү ач холбогдол өгч чадлаа
Нэгэн эрхэм Монгол улсын Ерөнхий сайд байхдаа улсын наадмаар нутгийнх нь бөх түрүүлэхэд индэр дээр үсэрч босоод, бараг цамнах шахаж байв. Тэр байдал нь тун ч эвгүй харагдсан даг. Жалга довны үзэл гэдэг ийм л муухай зүйл.
Жалга довны үзэл Улсын Ерөнхий сайдыг хүртэл “ухаан мэдрэлгүй, хяналтгүй” болгож орхиж байна шүү дээ. Үүгээр зогсохгүй улс орны хөгжлийг гацааж, талцуулж, ажил унагадаг асар муу үр дагавартай. Эрүүл бус зүйл.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм байхыг хүссэнгүй. Тэр зөвхөн Монгол улсын Ерөнхий сайд гэдгээ бүхнээс өмнө тавьж, үүргээ ч ухамсарлажээ.
Гурван жил гэдэг улс орны амьдралд богинохон хугацаа. Гэвч энэ Засгийн газрын үйл ажиллагааны зорилго, стратеги нь улам тодорхой болж, хийсэн бүтээснийх нь үр дүн нүдэнд харагдаж байна.
Тэр Ерөнхий сайд болмогцоо авлигын хөшгийг цуу татаад, бодит байдлыг ил гаргаж, буруу зөвөө ярилцах хэрэгтэй байна гэсэн. Тэгж байж цаашаа явах ёстой гэсэн. Нийгэмд, төр засгийн бодлогод цоо шинэ хандлага бий болгох гэж олон “зовлонтой” ажлуудыг ингэж эхлүүлсэн.
Ингэхдээ ямар тактик барив аа? Авлигатай дайн зарласан, энэ хүрээнд 5Ш ажиллагаа явуулсан нь үр дүнгээ өгч, хулгайч луйварчдын дураараа дургидаг байдлыг тас цохьсон.
Оргож зайлсан хулгайч нарыг олж ирж, хулгайлсан дээрэмдсэн өмч хөрөнгийг нь төлүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэж байна.
Бас “Шинэ сэргэлтийн бодлого” ч байна. Үүгээрээ тулгамдсан олон ажлыг цогцоор нь шийдэх боломжийг гаргаж тавьсан. Хийх ажлаа эрэмбэлж, хооронд нь уяж уялдуулж, үр дүн гарахаас өөр аргагүй болгож зангиджээ.
Аялал жуулчлал, хот хөдөөгийн сэргэлт, зам тээвэр, нислэгийн либеральчлал, соёл урлаг, байгаль орчны зэрэг олон асуудлыг цоо шинээр харж сэрж сэрээсэн.
Салбар болгоны бодлого өөр тийшээ харсан байдалтай байсныг нэг зүгт хардаг, нэгэндээ дараа болох биш дэмжлэг болдог зарчмаар ажилладаг болов.
Зөвхөн уул уурхайг л гадаадынхан сонирхдог байсан бол саяхны Давосын чуулган дээр манай аялал жуулчлалыг илт сонирхож, хамтрах саналыг олон улсаас тавьж байна. Энэ нь тухайн салбарт гарсан амжилтын үр дүн.
Дээрх ажлуудыг хийсний дараа нь том зорилгоо ил гаргах хэрэгтэй байжээ. Тэр нь бүсчилсэн хөгжилийн стратеги. Энэ асуудлыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрхзүйн үүднээс дархлаад авсан.
Тэр бас нам бүлгийн асуудлыг биш улс орныхоо эрх ашгийг түрүүнд тавьдаг улс төрч гэдгээ харууллаа. Түүнийг Сонгуульд ялах гэж янз бүрийн шинэ ажил сэдэж эхлүүлж, идэвх үзүүлж байна гэж хардах нь хүн ч байгаа л байх.
Тэгээд ч шинэ сэргэг зүйлийг дэмжихээс шүүмжлэх хүн олон. Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын даргын хувьд ардчиллын зарчмыг чанд сахидаг, парламентын засаглалыг дээдэлж, парламентад суудалтай бусад намуудад зөвшилцөж, улс орны эрх ашгийн төлөө хамтарч чадаж байна.
Олон жил яригдаж, нэгдмэл байр сууринд хүрээгүй байсан Баялгийн сангийн тухай хуулийг парламентэд суудалтай бусад намуудтай хамтарч боловсруулж, батлуулах боллоо.
Цаашдаа улс төрийн намууд сонгуулиас үл хамаараад, Баялагийн сангийн хууль дээр нэгдсэн шигээ улс орны нэгдсэн эрх ашгийн төлөө улстөржилгүй нэгдэж, улсаа хөгжүүлэх том төсөл хөтөлбөрийг нам, засаг солигдохоос үл хамаараад үргэлжлүүлээд төрийн бодлого болгоод явахаар болж байна. Үүнийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эхлүүлж чадсан нь сайшаалтай хэрэг гээд байгаа юм.
УИХ-ын сонгуульд ялж, ялагдах бол түүний хувьд чухал биш. Улс орны ирээдүйн хөгжил чухал. Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайд авлигатай шийдвэртэй тэмцсэнээрээ, салбаруудын бодлогыг зангидаж шинэ сэргэлтийг мэдрүүлснээрээ, бүсчилсэн хөгжлийн хурдыг нэмсэнээрээ, улс орны хөгжлийн төлөө намууд нэгдэж, том төсөл хөтөлбөрүүдийг төрийн бодлого болгож үргэлжлүүлдэг болсноороо монголын төрд автор болж үлдэнэ.
Т.Санаа
Sanuulga.mn