Ирэх сонгуулийг бүх үйл ажиллагаагаараа барьцаалах аргыг эрх баригчид хэрэглэж эхлэв үү?
Ямар нэгэн осол, эрсдэлийн хохирлыг хариуцна, Засгийн газрын нөөц сангаас гаргана аа л гэдэг.
Гэхдээ Засгийн газрын мөнгө гэж түй ч байдаггүйг 30 гаруй жил зах зээлийн “харгис” тогтолцоонд нүдүүлж ирчихээд бид ойлгохгүй л явна. Ойлгохыг ч хүсэхгүй байна, манай нийгмийн сэтгэлзүй.
Нийгмээ төр засаг нь залж чадахгүй, шавар шиг зуураад харанхуй чигээр нь хаячихаж гэлтэй. Тэгвэл Төр засаг яах гэж байдаг вэ. Мэдээж улс орныг удирдах, зохион байгуулах, хөгжил дэвшилд хүргэх гэх мэтээр хэн ч урсгана л даа. Түүний тулд яах ёстой вэ. Улс төрийн намууд нь бодлогоо гаргаж ирээд УИХ, орон нутгийн сонгуулиудад “хүчээ” үздэг. Намуудаас сонгогчид мөнгө биш, царайлаг нэр дэвшигч биш, олны танил бөх, дуучин, уяач, товх харваач биш зөв бодлого л олж сонгох ёстой.
Гэтэл МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт даатгалын талаар ганц ч үг үсэг байхгүй байна. Тийм атал үнэмлэхүй ялалт байгуулчихсан пээдэлзэж байх. Хувь хүн ч гэсэн хамгийн түрүүнд учирч болох эрсдэл, зовлонгоо цаг ямагт тооцоолж явах учиртай биз дээ. Тэгвэл төрийн эрхийг авах зорилго өвөрлөөд сонгуульд өрсөлдөж байгаа юм бол улс оронд тохиолдох эрсдэл, зовлон гамшгийг шийдэх арга замаа төлөвлөх ч ёстой. Гэтэл манайд энэ асуудлыг санаж сэрсэн юм ерөөсөө алга. “Амны бэлгээс ашдын бэлгэ ... ” гээд л сайхан мөрөөдөөд сууж байна. Өнгөрсөн зуны үерийн гамшиг, БЗД-ийн 26 хороонд гарсан аймшигт ослын дараа л Засгийн газар бүхнийг шийдэх боломжгүй гэдгээ ойлгож байх шиг.
Өмнө нь үе үеийн Засгийн газрууд эрсдэлийг нуруундаа үүрэх гэж бараг яардаг, ард иргэдэд мундагаа харуулах гэж мунхагласаар ирсний гай энэ. Аль ч нийгэмд /нөгөө муухай социализмд/ ч санхүү эдийн засгийг тогтвортой байлгах, зөв залахын тулд даатгалын тогтолцоог хөгжүүлдэг аж.
Энэ бүхний эцэст манай эрх баригчид зах зээлийн үнэнтэй эвлэрэв үү, яав. Сангийн сайд Б.Жавхлан даатгалын тогтолцоог шинэчлэх хөгжүүлэх хуулийн төслийг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран өргөн барина гэв. Манай улсын даатгалын хөгжил нойл, хураамжийн хэмжээ аманд ч үгүй, хамарт ч үгүй. Мөргөлдсөн машины эвдрэл зэрэг жижиг зүйлээр л бараг хязгаарлагддаг. Тэгвэл даатгалын хураамжийн эзлэх хэмжээ бусад оронд 6-7 хувь байдаг бол манайд 0,6 хувь байдаг байна. Даатгалын чанарыг 1 хүнд оногдох хураамжийн мөнгөний хэмжээгээр шалгаж болдог гэнэ. Гэтэл манай 1 хүнд 87,8 мянган төгрөг оногддог бол, бусад оронд 200-300 ам доллар байдаг ажээ.
Юутай ч даатгалын тогтолцоог хөдөлгөж хөгжүүлэх хөшүүрэгтэй хуулийн төслийг УИХ-д өргөн барих юм байна. Гэхдээ ирэх сонгуулийн үр дүнд бүрдэх 126 гишүүнтэй парламентын намрын чуулганд өргөн мэдүүлэх аж. МАН ёстой нэг алийг нь алдуулж байна даа.
Одоогоос 4 жилийн өмнө 2020 оны сонгуулиар энэ талаар мөрийн хөтөлбөртөө ганц ч үг үсэг “багтаагаагүй” мөртлөө ирэх сонгууль дамнуулж “сонгодог хууль”-иар гүүр тавьж байна. Тэд энэ эрх мэдэлтэй чигээрээ сонгуулийн нөгөө “эрэгт” үсрээд гарчихна гэж тооцож байгаа бололтой. “Бүсчилсэн хөгжил”-өөр сонгогчдыг барьцаалсан нь багадаад энэ мэт амин чухал хуулиар ногтлоод хөтлөх гэж байгаа бололтой.
Т.Санаа