Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Улсаа голж үндсээ зулгаагаад харь орныг зорих нь Монгол хүний мөс чанар мөн үү?

Улсаа голж үндсээ зулгаагаад харь орныг зорих нь Монгол хүний мөс чанар мөн үү?

Ажилгүйдэл, ядуурлыг арилгана гэж ядахдаа намууд нь сонгуулиар дуугардаг  сан. Одоо тэр үг хэлэгдэхгүй болжээ. Монголчууд бүгдээрээ ажилтай, бүгдээрээ баян болчихсон учраас тэр үг мартагдсан уу гэвэл үгүй. Тооноор том алт унаад ирэх юм шиг л юм хараад суучихна. Ингэж  нийгмийн халамжаар амьдардаг нийгэм бий боллоо. Ажилгүй гэж хэлүүлэх дургүй, ядуу гэсэн хүнийг бараг зодно доо. ХНХ-ын сайд нь “улныхан” гэж хэлснийхээ төлөө огцорч байв. Ажилгүй, ядуу байх нь юу ч биш. Харин ажилгүй ядуу гэх үг л аймшигтай, муухай аж. Тиймээс энэ үг монгол хэлний үгийн сангаас хасагдаж байна.

Харин ажиллах хүсэлтэй, амьдрах чадвартай нь гадаад улс руу дүрвэчихсэн. Одоо ч үргэлжилсээр байна. Ливийн дүрвэгсдээс ялгаатай нь “бид” нисч очдог. Монголоос БНСУ-д 54 мянган хүн ажиллаж байгаа. Шведэд 20 гаруй мянгад хүрч, Австрали, Чех, Япон зэрэг улс руу олноороо явах болжээ. Чехэд гэхэд хүмүүсийг тосч авч зуучилдаг “өндөр ээж” шиг сайхан сэтгэлтэй хүн байдаг аж. Тэр хүнийг Үндэсний телевиз “Цагийн хүрдийн баатар”-аар тодруулж байна гэнэ. Үндэсний сүйрэл үндэсний гэх юм бүхэн дээр тод мөр үлдээх болов. Боломж гарвал Монголоос явна гэж 15-64 насны иргэдийн 67 хувь нь “зүүдэлж” явдаг байна.

“Манай эмэгтэйчүүд Солонгосын зочид буудлуудад ажиллах боломжтой боллоо” гэж ХНХ-ын сайд Х.Булгантуяа нь хэлчихжээ. Энэ үг сошиалиар шуугиад байгаа шиг тийм айхтар доромжлол биш л дээ. Хачиргүй үнэн. Булгантуяа сайдаас өөр “дороо суурьтай дотроо бодолтой” хүн бол энэ үгийг их өөрөөр хэлэх байсан юм. “Монгол эмэгтэйн хатан ухаан Солонгосын зочид буудал хэрэгтэй байна” ч гэх юм уу, нэг тиймэрхүү маягаар. Тэр яагаад шууд хэлсэн бэ. Бүсгүйчүүдээ л хурдан баярлуулах гэсэн хэрэг. Та нар минь хүний нутагт хууль эрхзүйн орчингүй, нуугдаж зүүгдэж ажилладаг байсан бол одоо нүүр бардам боллоо л гэж дуулгасан. Харин ядуу гэх үг үзэлд дургүй манайхан түүнийг “алах нь ээ” ер нь. Одоо тэр Д.Сарангэрэл шигээ ганц үгээс болж огцорч ч мэдэх нь. Гэтэл хөдөлмөрийн зах зээл 300 мянган хүнээр дутагдаж байна гэх юм. Улсаа, цалингаа голоод явна. Очих газар нь орчин бүрдүүлж өгөхөд уурлана. Хамаг сайхан залуу нас, эрч хүч, эрдэм мэдлэгээ харийн оронд зориулах гэж яваагаа юман чинээ тоохгүй.

Энэ сэтгэлгээ тэгээд тийм “ариун явдал” уу? Зүгээр л нэг хөөс гэдэг шиг сүүлийн 15 жилийн хугацаанд худалдаа, бизнесийн удирдлагаар 117 мянган хүн мэргэжил эзэмшжээ. Тэгээд худалдаа наймаа, бизнесээ хийгээч ээ. Цалингаараа амьдардаг биш, ашиг орлогыг авдар авдраар нь  олсон том амьтад болох ёстой биш билүү, та нар минь.

Эх орныхоо сангаас мөнгө хулгайлж суралцаад эргэж ирж ажиллах байтугай хялайж харсан нь хэн байна, хэд байна. Хулгайч, авлигач, луйварчид толгой дээр гарсан. Энэ үнэн. Тэднээс зугтах биш тэднийг тэр өндрөөс нь татаж унагах хэрэгтэй биз дээ.

Монгол эх орон чинь та нарыг аргадаж амьдруулах ёстой нь үнэн. Бас алгадаж үлдээх ч боломжтой шүү.

Т.Санаа

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)