Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

"Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлснээр орон нутагт эдийн засаг тэлж, хөдөөг зорих нүүдэл эхэлнэ"

"Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлснээр орон нутагт эдийн засаг тэлж, хөдөөг зорих нүүдэл эхэлнэ"

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр, "Энэ онд Улсын Их Хурлын сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Энэхүү форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр туйлын чухал ач холбогдолтой юм. Учир нь форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах болно.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх болно.

Нийслэлд нэг сая 539 мянган иргэн амьдарч, нийт ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөг байна. Энэ бол нийт хүн амын 49 хувь, нийт ДНБ-ний 65 хувийг бүрдүүлж байна. Цаашид энэ сэдэв олон нийтийн хэлэлцүүлэг болж, мөрийн хөтөлбөр болж бодитой хөгжих боломж гарна. Төсөв хөрөнгө оруулалт цэгцэрнэ. Та бүхний санал, хэлэлцүүлгийн үр дүнг Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын суурь болгон боловсруулна.

Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.

2024 оноос Монгол Улсыг дэлхий дахинд “Go MonGOlia, Always Moving” аялал жуулчлалын брэнд үг бүрэн илэрхийлэх болно. Энэхүү брэнд үг нь “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Монгол үргэлж хувьсан өөрчлөгдөж, шилжин хөдөлж байдаг” хэмээх агуулга илтгэнэ.

Монголчуудын хүсэл зорилго, нөөц боломж, хөгжлийн загварыг дунд, урт хугацаанд илэрхийлэх, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн сорилтыг даван туулах чадамжтай энэ агуулга Монгол Улсыг бүрэн илтгэх болно" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)