Ерөнхийлөгч морин хуурыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.
Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов.
ЭНЭ ХҮРЭЭНД:
-
Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилт бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх,
-
Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордонд морин хуурын сургалт явуулах,
-
Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах,
-
Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, төсөв, санхүү, материаллаг баазыг нь бэхжүүлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих,
-
Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх,
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулахыг чиглэл болголоо.
Айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэдэд уриаллаа.
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгүгийн Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд гардуулж өгөв.
1992 онд төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэг, төрийн тэргүүний шийдвэрээр Төрийн хан хуурыг бүтээн залж, Засгийн газрын тогтоолоор Морин хуурын чуулга байгуулж, улмаар 2002 онд морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан түүхтэй.
2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Филармонийн Морин хуурын чуулгыг үндэсний хөгжим морин хуураа сэргээн хөгжүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх, монгол түмнийхээ үндэсний бахархал, соёл сэтгэлгээг өргөжүүлэн баяжуулах, дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан юм.