Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг сэргээн байгуулах хэрэгтэй

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг  сэргээн байгуулах хэрэгтэй

                        -Гэхдээ өмнөхөөсөө өөр зарчмаар ажиллах ёстой-

Мэргэжлийн хяналтыг “устгасан” нь буруу, дахин сэргээе, дахин байгуулъя гэж байна. Энэ газрыг татан буулгасан нь одоогийн Засгийн газрын алдааны нэг гэх боллоо. Яагаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг “байхгүй” болгочихсон юм бол оо?  Учир нь тэнд асар их хээл хахууль, авлига нуугдаж байдаг гэсэн ойлголт нийгэмд бий болсон.

АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань бэлнээр олдсон гэх дуулиан ч гарч байсан.

Мэргэжлийн хяналтын газар бусдыг дарамталдаг, эд зүйлсийг хууль бусаар хурааж авдаг, хувьдаа завшдаг, шинжилгээний дээж нэрээр бараа бүтээгдэхүүнийг баглаа боодлоор нь авдаг гэх мэт “явган яриа” ч олон жил “гүйсэн” дээ. Тэгээд л авлигын үүр болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж  авлигатай тэмцэх гэсэн хэрэг. Гэтэл энэ нь “жоомоо алах гээд байшингаа шатаахын үлгэр” болсныг сүүлийн үеийн жишээнүүд  харууоах боллоо.

Мэргэжлийн хяналтгүй байсан нэг жилийн хугацаанд хэчнээн хүн осол аваараар нас барав. Мэргэжлийн хяналгүй орчинд гэмт хэрэг, зөрчил улам гаарах боллоо.

 Хоол хүнсэндээ хордож, хугацаа хэтэрсэн хүнсний зүйл худалдаалж, ашиг хонжоо олох нэрийдлээр бусдыг хохироох үйлдэл ч нэмэгдсэн гэх.  Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд сурч, эмчлүүлж, мэргэжлийн бус бараг мухар сүсгийн үйл ажиллагаанд “шүтэж” хэчнээн хүн хохирсныг хэлж баршгүй.

Газар дээр нь очиж хяналт шалгалт хийдэг, мэдээлэл авах арга барилтай, ажиллах туршлагатай, гэмт хэрэг зөрчлийн “муу санааг” мэддэг болчихсон байсан улсын байцаагч нараа манай төр тараагаад хаячихсан.

2023 оны  дүгээр сарын 1-ний өглөө босоход Монгол Улс маань Мэргэжлийн хяналтгүй болчихсон байлаа. Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг салбарын яам руу явуулжээ. Салбарын алдаа зөрчил, хулгай луйврыг шалгах, алдааг нь засуулж, зөрчлийг арилгуулах ёстой улсын байцаагч сайдын халаасанд орчих нь тэр.  

2004 онд нөгөө муу муухайгаараа хэлүүлж ирсэн Ц.Элбэгдорж хоёр дахиа Ерөнхий сайд болохдоо Засгийн газрын тохируулагч  агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг сайдтай болгож,  кабинетын бүтэцдээ анх оруулж ирж байв. Үнэхээр энэ асуудлыг хариуцсан сайд нь бие даасан бодлого хэрэгжүүлж, БНХАУ-ын компаний авлигын асуудлыг ч хөндөж чадаж байсан.

Одоо тэгсэн чинь мэргэжлийн хяналт сайд ч үгүй. Ерөнхий газар ч үгүй. Салбарын сайд нарын ая талыг харсан ганц хоёр байцаагчийн орон тоо  болж бүдгэрчээ.

            Мэргэжлийн хяналтыг мэдээж сэргээж, дахин байгуулах байх. Гэхдээ өмнөхөөсөө өөр, шинэ зарчим хандлагатай байх ёстой.

Т.Санаа

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)