Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Нийгмийн ой санамжийг арчих, мартуулах “технологи” яваад байна уу?

Нийгмийн ой санамжийг арчих, мартуулах “технологи”  яваад байна уу?

Нэг асуудлыг нэгээр нь, нэг гэмт үйлдлийн дуулианыг нөгөөгөөр нь нам дардаг байдал газар авлаа гэж хэлж болох. Ингэж нийгмийн ой санамжийг тогтворгүй болгож, нэгээс нөгөө рүү үсчүүлэн өөрт ашигтайгаар залж, удирдаж байх нь авлигач улс төрчдийн технологи гэлтэй.  

Сургалтын Зээлийн Сангийн /СЗС/ асуудал мөн ч дуулиантай гарч ирсэн дээ. 3069 хүн гадаадад зээлээр суралцсанаас 941 хүнийг нь зээлээс үндэслэлгүй чөлөөлсөн. Түүний 371 нь Монгол улсад ирж ажиллаагүй байна. Зээлээр суралцагчдын 90 хувь нь УИХ-ын гишүүн, сайд дарга нарын хүүхдүүд байна гээд л нийгэм шуугиж байв.

Тэр уур амьсгалыг өөр нэг хүчин зүйл мартагнуулчихлаа. “Ногоон автобусны” гэх хэрэг ногоон гэрлээр шунгинаад ороод ирлээ. Асар их мөнгийг эвдэрхий хуучин, гагнаж зүйж, засч сэлбэсэн ногоон автобус болгож  авчраад жагсаачихсан байхад олон нийтийн уур хилэн оволзохгүй яах билээ. Түгжрэлийн асуудал хариуцсан сайд нь бусдаар “Цоо шинэ автобус байна” гэж хэчнээн хашгируулаад тэр нь шинэ болохгүй нь ойлгомжтой. Хотын дарга, Түгжрэлийн сайд хоёр өчнөөн тэрбумын асуудалтай тендерийн гэх 26 хүнд холбогдолтой энэ хэргээс болж огцорсон.

Тэгэхдээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаа дэгээлдээд авсан ч гэх.  Нүүрсний хэрэгт холбоотой гол хүн гэж харуулах гэсэн ч гэх юм билээ. Гэхдээ энэ нь тэгэсхийгээд намжсан. Д.Амарбаясгалан нь нүүрстэй холбоогүй, нүгэлгүй байсан юм байлгүй.

Бүтэн жил шахам УИХ-аар сонсгол хийж, шинжилж хэлэлцүүлэг өрнүүлсэн Хөгжлийн банкны гэх хэргийг  дуулиан шуугиантайхан дуусгачихвал, “Ногоон автобус”-ны хэрэг бүдгэрнэ гэж үзсэн хэсэг бүлэг байсан ч байж болох юм.

 

Гол дайсан, гол гэмт хэрэгтэн болох ёстой Н.Алтанхуяг нь УИХ дээр “алуулж” байсан боловч Шүүх дээр аврагдав. Хөгжлийн банкны өр зээлийн төлөлт сайн байснаас хуримтлал үүсч, Монгол улс дампуурлаас ч аврагдав. Хөгжлийн банкаар том дайсан гаргаж ирж ногоон автобусны хэрэг бүдгэрэх байсан нь бүтсэнгүй гэх юм билээ.

Нүүрсний сонсгол олон нийтийн мэдэх эрхийг тодорхой хэмжээнд хангасан нь үнэн. Гэхдээ олон нийтийн зүгээс дутуу дулимаг болсон. Гол нь “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оруулах ёстой байсан. Тиймээс нүүрсний том хулгайч нар түүний мэдээллийн цаана нуугдаад үлдсэн гэж байгаа.

Б.Ганхуяг өөрөө ч гэсэн гэрчээр оролцож, үгээ хэлэхийг хүссэн. Харин Шүүхээс түүнийг гэрчээр оролцуулах боломжгүй гэж үзсэн. Сонсголыг ахалсан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ч намынхаа “авлигачид”-ыг хамгаалж, Б.Ганхуягыг гэрчээр оролцуулахад хүч гаргаагүй ч байж мэдэх юм.

 Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт гарсан газ дэлбэрсэн аймшигт ослыг нүүрсний хэргийг “мартуулах” хар  технологи биш байгаа гэж хардах сэтгэлзүй нийгэмд байна.

Ерөнхий сайд ч гэсэн Давосын уулзалтаас ирсэн даруйдаа авлига, хээл хахууль, хулгай луйврын гэмт хэргээсээ олон нийтийн анхаарлыг төөрөгдүүлэх гэж зовлонгоор дөрөөлсөн  улс төр хийж байж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Т.Санаа

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Иргэн • 9 сар - 202.126.89.79 Хариулах
    Ардын хянан шалгах хороог байгуулах хэрэгтэй